“Оюутолгой“ ХХК эмнэлгүүдэд тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-26 19:00:39

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрөх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх болон нөөц 285 ор, нярайн шарлалтыг эмчлэх  шарлагын 25, амьсгалын аппарат гардуулав.

 “Оюу толгой” ХХК-иас өгсөн  амьсгалын нэг аппаратын өртөг  нь 60 сая төгрөгийн өртөгтэй юм байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ, “Энэхүү аппарат нь  амьсгалын дутагдалд орсон бяцхан иргэдийн амь насыг аврах гол хэрэгсэл юм. Хотын удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулна. Өнөөдрөөс эхлэн орны хүртээмжгүйгээс нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхгүй” хэмээн онцлов.

 “Амгалан” амаржих газрын тухайд 150 ор бүхий хүчин чадалтай, ашиглалтад ороод  2 жил болж буй учир эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд нүүр улайхааргүй ч  ид ачааллын үед орны хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Өнөөдрөөс  200  ор бүхий хүчин чадалтай болж байгаагэмнэлгийн дарга хэллээ.

Харин “Хүрээ” амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, 5 ор, шарлагын 3 аппарат хүлээлгэн өгөв. “Хүрээ” амаржих газар шарлагын 4 аппаратаар хүүхдүүдэд эмчилгээ хийдэг ч хүрэлцдэггүй байсан гэдгийг тус  эмнэлгийн  дарга Р.Оюунханд ярилаа. Тэрээр “Одоо шинэ аппаратуудаа төрсний дараах тасгуудад зөөврөөр оруулж, эхийнх нь хажууд нярайд шарлага хийх боломжтой болж байна” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар “Өнөөдөр 240 сая төгрөгөөр олон асуудлыг шийдлээ. Тухайлбал, 300 гаруй мянган хүн, 100 гаруй мянган хүүхдэд үйлчилдэг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нярайн амьсгалын аппарат дутагдаж байсан. Нийслэлийн Засаг дарга өнгөрөгч 11 дүгээр сард эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа шийдэж өгөхөөр болсон. Өнөөдөр энэ асуудал шийдэгдлээ. Нярайн эмчилгээнд хүндрэл гарахгүй байхад том тусламж дэмжлэг болно” гэв.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, тус хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулж, дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр барихаас гадна сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг олон нийтийн оролцоотойгоор явуулахаар төлөвлөж байгааг хотын дарга танилцууллаа. Ийнхүү өнөөдөр  нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд  өвчтөн хэвтэн эмчлүүлэх 285 ороор хүчин чадлаа нэмэгдүүлж, орчин үеийн амьсгалын аппарат,  шарлагын төхөөрөмжтэй боллоо.

Related news