Японы Асахикава хотын туршлагаар зам барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-24 14:23:28

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өнөөдөр “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг  танилцууллаа.

“ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд дээрх гарын авлагыг боловсруулжээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра ярихдаа, “Бид Нийслэлийн авто замын чанарыг сайжруулах зорилгоор өмнөх оноос эхлэн “ЖАЙКА”-тай хамтран Япон улсын сэрүүн бүс болох Асахикава хотын туршлагын дагуу Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага” гаргав. Гарын авлагад авто замын барилгын бэлтгэл ажил, инженерийн шугам сүлжээ, газар шорооны ажил, ус зайлуулах шугам, замын хучилт гэх мэт ажлын стандарт болон гүйцэтгэлийг фото зургаар баримтжуулж, хяналт хэрхэн тавих зааварчилгааг оруулсан. Энэ оноос авто барих гүйцэтгэгч компаниуд шинэ стандартын дагуу ажиллана. Ингэснээр авто зам засварлах үеэр илүү зардал гаргаж, түгжрэл үүсгэдэг хүндрэлээс ангижирна” хэмээв.

Харин Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, “Ирэх хавраас шинээр барих замын ус зайлуулах байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлгийг дээрх гарын авлагад заасны дагуу хийнэ. Сонсголонгын гүүр, Баян зүрх дүүргийн гүүр, Налайхаас Чойр хүртэл 20.9 км зам 2017 онд ашиглалтад орно. Мөн төв замын ачааллыг бууруулахын тулд  баруун гар тийшээ эргэдэг уулзварууд барихаар төлөвлөж байна. Ингэснээр авто замын ачааллыг 30 хувь бууруулна” гэж ярилаа.

М.Аминаа

 

Related news