“Yahoo”-гийн 1 тэрбум гаруй хэрэглэгчид кибер халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-12-16 10:57:13

ВАШИНГТОН. /KAZINFORM/. Хакерчид нэг тэрбум гаруй хэрэглэгчийн хаяг руу нэвтэрч, мэдээлэл хулгайлсан тухай АНУ-ын мэдээллийн технологийн “Yahoo” компани мэдэгдлээ.

Үүний өмнө есдүгээр сард тус компани мэдэгдэхдээ “хакерчид 500 сая гаруй хэрэглэгчийн хаяг руу нэвтэрсэн” гэж байсан юм. Энэ нь нэг компаниас ийм их хэмжээний мэдээлэл хулгайлсан хамгийн том кибер халдлагуудын  тоонд орж байна.

“Yahoo”-гийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, хамгийн сүүлчийн кибер халдлага 2013 оны наймдугаар сард болжээ. Хакерчид хэрэглэгчдийн нэрс, төрсөн өдөр, цахим шуудангийн хаяг болон утасны дугааруудыг хулгайлсан аж.

Өөр систем дээр хадгалагддаг байсан учир нууц үг болон зээлийн картны дугаар алдагдаагүй гэж албаны хүмүүс хэлэв.

Кибер халдлагад өртсөн улс орнуудыг тус компани дурдаагүй боловч “мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчидтэй бид холбоо барьж, нууц үгээ солихыг зөвлөнө” гэлээ.

Кибер халдлагын хэрэг нь ““Yahoo”-гийн бизнесийн бүтцийн өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Энэ оны зургадугаар сард тус компани өөрийн интернэт болон бусад гол үйлчилгээгээ Америкийн харилцаа холбооны “Verizon” компанид 4.8 тэрбум доллароор худалдахаар тохиролцсон билээ.

Харин кибер халдлагын талаар зарласны дараа “Verizon” компанийн удирдлага худалдан авах үнийг эргэн харах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан юм.

Г.Доржханд

 

 

Related news