СЭЛЭНГЭ: Орхон-Сэлэнгийн ай сав түүхийн хувьд онцгой бүс нутаг

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2025-07-14 17:39:01

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Улаанчулуут уулын өврөөс монголын түүхийн чухал цаг үеийн гурван төлөөлөл буюу Хүннүгийн өвөг дээдэс дөрвөлжин булшны залгамж халааг харуулсан дурсгал, Хүннүгийн үеийн язгууртны булш, Сяньбигийн булш олдоод байгаа.

 

Эдгээр нь нэг доор байгаа нь ховор үзэгдэл болж байгаа бөгөөд уг бунхнаас өмнө нь олдож байгаагүй эд зүйлс ч олдсон байна.

 

Багийн ахлагч МУИС-ийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай:

- “Газар газрын судалгаа яг нэг хэвийн байдаггүй. Орон нутгийн онцлогтой байдаг. Улаанчулуут уулын дурсгал олон үеийнх гэдгээрээ онцлогтой. Мөн бидний малтлага хийсэн бунхны үүдэвч огцом доошоо 14 метрийн урттай байсан. Бидний өмнө малтаж байсан булшны өргөн метр орчим байсан бол энэ бунхан 20 см илүү байгаа. Мөн нийтлэг анзаарагдсан зүйл бол ерөнхийдөө Сяньбигийн үеийн дурсгалуудын газар сонгох байдал маш онцгой байгаа.

 

Тухайлбал Дарханы Говил уулын дурсгал 7-8 метрийн гүнтэй хэр нь яг шавар хөрстэй, нэг ч чулуугүй газар байв. Улаанчулуут уулын дурсгал яг адилхан байсан. 7-8 метр гүн ухахад хөрсний өнгө, давхарга өөрчлөгдөхгүй шавар явсаар байгаад оршуулгын булшинд хүрсэн. Ер нь Сяньбичууд зүүн хойд нутагт оршуулгын газраа сонгон тавьж байгаа нь харагдаж байна.

 

Мөн өнгөрсөн жил бид хамгийн анхны хоёр булш буюу Хүннүгийн өмнөх дөрвөлжин булшны үеийн болон Сяньбигийн үеийн хүүхдийн булшийг малтаж, олдвороо Япон Улс руу “C14”-ын задлан шинжилгээнд явуулсан. Тэгэхэд Сяньбигийн булш нь Хүннүгийн сүүл үе, Сянбигийн эхэн үе буюу одоогоос 1800 жилийн өмнө хийгдэж байсан булш гэдэг нь нотлогдсон.

 

Иймээс сая Улаанчулуут уулнаас гарсан хүний яс нь Хүннүгийн дараах том эзэнт гүрний үед хийсэн булшных гэдэг нь тодорхой болсон” хэмээн ярилаа.

 

Уг малтлагийг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд зөвхөн эхний цэвэрлэгээний ажлууд нь хийгдээд явж байна. Цаашид эндээс олдсон ваарнуудаа эвлүүлэн нааж лабораторид өгч, цаг үеийн болоод генетик судалгаануудыг хийх юм.  

 

Мөн яг тодорхой цаг үеийг нь гадаадад шинжлүүлж тогтоодог байна.

 

Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт явуулж байгаа энэхүү малтлага судалгаа нь түүхийн хувьд онцгой ач холбогдолтой гэдгийг судлаачид онцоллоо. Учир нь энэхүү судалгаа нь зөвхөн нэг аймаг, сумын хэмжээний судалгаа биш, Монгол Улсын түүхийн асуудал учраас асар үр дүнтэй чухал ажил юм.

Энэхүү Сяньбигийн үеийн малтлага судалгаа Монголын түүхэнд 3 дахь газраа илэрч байгаа юм. Монгол орны газар нутгаас олж илрүүлсэн Хүннүгийн үеийн язгууртны булш 21 мянга орчим байдаг байна.

 

Эдгээрийн 4700-гаад нь Сэлэнгэ аймгийн нутаг тэрдундаа Орхон-Сэлэнгийн ай сав дагуух   5 сумын нутаг дэвсгэрт байгаа нь энэ нутаг түүхийн хувьд ямар онцгой бүс болохыг гэрчилж байна.

 

Орхон сумын Засаг дарга Г.Баасансүрэн:

-Сэлэнгэ аймаг өөрөө аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьсан. Үүнтэй уялдуулаад Орхон сумын тухайд байгаль дэлхийд ээлтэйгээр хөгжих “Эко Орхон” төслийг хэрэгжүүлж байна. Иймээс зам дагуух Дархан, Эрдэнэтийн том урсгалыг татах, сумын иргэдээ орлоготой байлгахын тулд түүх соёлын дурсгалт зүйлээ түшиглэсэн үзэж харах зүйлтэй болох, үзмэр зүйлсийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон:

-Улсын хэмжээний судалгааны дүнгээс харахад Сэлэнгэ аймгийн Орхон-Сэлэнгийн ай савыг дагасан Хүннүгийн маш олон булш бунхан илэрч байгаа. Иймээс аймаг орон нутгийн удирдлагын зүгээс тодорхой хэмжээгээр энэхүү судалгааны ажлыг дэмжин ажиллана гэв.

 

Related news