ЗАВХАН: Адуутай холбоотой соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд олны сонирхлыг татаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан
аймаг баяр наадмын өдрүүдээр төв цэнгэлдэх хүрээлэндээ морины өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэж байна.
Дэлхийн адууны өдөрт зориулж, Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал,
залуучуудын газар, аймгийн ЗДТГ хамтран "Морьтон монголын
хийморь" сэдэвт үзэсгэлэн гаргав. Энд адуутай холбоотой уран зураг, гэрэл зураг, адууны
уламжлалт өв соёлыг таниулсан эдлэл хэрэглэлийг дэлгэсэн байна. Мөн соёлын
бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн нь иргэдийн сонирхлыг татаж байгаа юм.
Морины тухай шүлэг, магтаалыг уйгаржин
монгол бичгээр уран бичсэн бүтээлүүд, адуутай холбоотой номын үзэсгэлэн өрнөж байна. Монголчуудын адууны тухай өв соёл,
уламжлал, хурдан морь уях арга аргачлалын талаарх ном, адууны эртний магтаал,
адууг эмчлэх эмчилгээний арга барилыг багтаасан номуудыг үзэгчид шимтэн
уншиж байна.
Үзэсгэлэнд Завхан аймгийн 20 орчим уран бүтээлчийн 200 гаруй бүтээлийг дэлгэсэн.
Тухайлбал Сонгино сумын уугуул, Монгол Улсын мастер гэрэл
зурагчин Намсрайжавын Сүхбат гадаад дотоодод уралдаанд
оролцсон 30 гэрэл зураг дэлгэн үзүүлж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн
бүтээгдэхүүнээс бүрэн тоноглосон эмээл, морины хусуур үзэгчдийн сонирхлыг татаж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан энэ өдөр бол олон нийтэд өв соёлоо таниулах чухал өдөр болж байна. Наадмын үеэр тохиож буй энэ өдрийг цаашид адууны соёлыг таниулах. ялангуяа адууны соёлтой холбоотой биет бус өв, морины цолыг уламжлуулах арга зам, аман өвөө өвлүүлэн үлдээх боломж гэж үзэж байна.
Монголчууд адууг эртнээс эрхэмлэн дээдэлж түүнтэй холбоотой ёс заншлыг үеэс үед өвлүүлсээр ирсэн уламжлалтай. Гүүний үрс гаргах, адуу тамгалах, хурдан морь уях үйл бүгд өөрийн, нутаг нутгийн ёс заншилтай бөгөөд үүндээ аман өвөө цуг авч явдаг онцлогтой.
Дэлхийн соёлын өвд бүртгэсэн монгол наадам нь хурдан морины гийнгоо, марзай, морины цолын өвтэй хамт өвлөгдөх биет бус өвийн цогц юм. Иймд үзэсгэлэнгийн үеэр мэргэжилтнүүд, аймгийн төв номын сангийн ажилтнууд хамтран морины цол, гийнгоо, марзайн өвийг сонирхон асууж буй үзэгчдэд, хүүхэд залууст таниулж мэдээлэх ажлыг хийж байна гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Э.Пагмаа мэдээлэв.
Адуутай холбоотой номуудыг наадамчид шимтэн уншиж байна










