ЗАВХАН: Дэлхийн адууны өдрөөр зүс ижилссэн морьд үндэсний хувцсаараа гоёно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-06 16:07:16

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн баяр наадмаар морьтой сайхан хосыг шалгаруулах уралдааныг зохион байгуулна.


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталсан.


Энэхүү тогтоолын хүрээнд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас хамтран морьтой сайхан хос шалгаруулах уралдааныг зохион байгуулж байна.


Молор эрдэнэ болсон морио дээдлэн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн 24 сумаас 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй морьтой сайхан хосуудыг нээлттэй оролцуулах юм. Морьтой сайхан хосыг шалгаруулахдаа, монгол адууны үндсэн зүсмийн ижилдсэн морь унасан байдал, монгол үндэсний хувцас, хэрэглэлийг иж бүрэн өмссөн байдлыг нь үзнэ. Морины эдлэл хэрэглэл, эмээл, хазаар, ташуур, хударга зэрэг эдлэлүүдээр ижилссэн байдал. Эзэн хүний намба суудал нь донжтой, морио унасан байдал нь эрэмгий, чадамгай байх зэргийг нь харгалзан үзэж шалгаруулах юм. Уралдаанд оролцогчдоос эхний гурван байрыг шалгаруулж шагнаж урамшуулна.


Зүс ижилссэн морьд хараа булаан, үндэсний дээл хувцсаараа ижилдэн гоёх ёс нь монгол наадмын өвөрмөц өв соёл юм.


Тиймээс энэхүү өв соёлоо олон нийтэд сурталчлан таниулах зорилготой энэхүү уралдааныг зохион байгуулж байна гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.


Ташрамд, Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Бүгд Найрамдах Австри Улс, Бахрейны Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн байна.



Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг 2025 оны 7 дугаар сарын 11-ний өдөр

дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Гэрэл зургуудийг: Н.Сүхбат

 

Related news