ӨВӨРХАНГАЙ: Арвагар хээрийн домог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-07-07 18:50:30

Арвайхээр, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Домогт хурдан хүлэг Арвагар хээрийн хөшөөг Арвайхээр сумын хоёр газар босгосон байдаг.


Уран барималч П.Зулзага дэл, сүүлийг нь боосон хурдан хүлгийн хөшөөг зэс хөөмлийн аргаар 1987 онд бүтээж, Арвайхээр сумын төв талбайд босгожээ. Мөн 2007 онд Арвайн талд байгуулсан монгол түмний морины их шүтээнд Арвагар хээрийн хөшөө голлон оршдог.



Энэхүү хурдан хүлгийн талаар хэдэн арван домог яриа байдаг ч нийтэд түгэн дэлгэрсэн нь дараах түүх юм.

1709 онд Ламын гэгээний хоёрдугаар дүрийг тодруулахтай давхцан Агь үйзэн гүний хошууг байгуулсан давхар баяр цэнгэлийн үед цуутай хурдан Арвайхээр хэмээх морь тодрон гарчээ. Агь үйзэн вангийн баян Балбарын бэр болсон харц ард Гомбын охин Цэцэнбэр “Хурдан морь болно хэмээн шинжин байж, аянчны даахьтай, арвагар жаахан хар даагыг хоёр гүүгээр арилжин авсан гэдэг.


Аймаг, хошууны болон Даншигийн их, бага наадмуудад 20 орчим удаа түрүүлсэн, Төв халхын хамгийн алдартай энэ хурдан хүлэг “Алтан жолоо Арвагар хээр” хэмээх алдар цолыг хүртсэн бөгөөд өтөлж хөгширтлөө наадам өнгөлөн торгон жолоо өргүүлсээр уралдааны замд эцсийн амьсгалаа хураасан гэх түүхтэй.

Түүний нас эцэслэсэн “Шар тал” хэмээх газрыг тэр цагаас хойш “Арвагар хээрийн тал” хэмээн нэрийдэж, улмаар “Арвайн тал” болон өдгөө нэрлэгдэж байна.



Бүтэн гурван зууны туршид түүх, домгийн өлгий байсаар ирсэн Арвагар хээрийн талд 1727 онд Сайн Ноён хан аймгийн Агь үйзэн вангийн хошууны гол хүрээ хийдийг байгуулан газрын нэрээр “Арвайхээрийн хүрээ” хэмээн нэрийдсэн нь өнөөгийн Арвайхээр хотын эх суурь билээ.

Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсан 19 настайдаа Арвайхээрнайраглалыг бичиж, багш доктор М.Гаадамбад үзүүлэхэд "...эхлэн бичигч, залуу зохиолчийн үе шатыг алгасч, шууд яруу найрагчийн зэрэгт хүрлээ" хэмээн үнэлж байжээ.



Аймгийн ЗДТГ, Арвайхээр сумын ЗДТГ-аас монгол морины түүх домог, өв соёлыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Арвагар хээр - Адууны баяр" наадмыг 7 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Арвайн тал, Монгол морины их шүтээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 

Related news