Энэтхэгийн зэвсгийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-02 16:30:55

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /TASS/. Энэтхэг улсын зэвсгийн экспорт анх удаа нэг жилийн хугацаанд 30 гаруй хувиар өссөн тухай Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх мэдэгдэв.


"Энэтхэгийн батлан хамгаалахын бүтээгдэхүүний экспорт урьд өмнө байгаагүй өндөрт үзүүлэлтэд хүрч, тусгаар тогтносон Энэтхэгийн түүхэнд анх удаа 210 тэрбум рупигийн /2.5 тэрбум гаруй ам.доллар/ босгыг давсныг дуулгахад таатай байна! Зэвсэг, батлан хамгаалахын тоног төхөөрөмжийн экспорт өмнөх санхүүгийн жилийнхтэй харьцуулахад 32.5 хувиар "гайхалтай өслөө" гэж сайд X хуудсандаа бичжээ. Энэтхэгт санхүүгийн жил дөрөвдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжилдэг. 


Өмнө нь зэвсэг импортлогч орон байсан Энэтхэг улс өнөөдөр дэлхийн 85 оронд батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тухайлбал, тус улс Энэтхэг-Оросын "BrahMos Aerospace" хамтарсан үйлдвэрийн бүтээгдэхүүн болох дуунаас хурдан BrahMos далавчит пуужин, зенитийн пуужин хөөргөх Pinaka төхөөрөмж, түүнчлэн их буу, торпед, радарын төхөөрөмжүүд, хуягт техник, нисдэг тэрэг, нисэх онгоцууд, байлдааны болон эргүүлийн хөлөг онгоцууд, танк, радиоэлектрон тулааны системүүд зэрэг зэвсгүүдийг экспортолж байна. 

Related news