В.Путин Холбооны хуралд жил тутмын илгээлтээ сонсголоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 1 /interfax/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу парламентад жил тутам танилцуулдаг илгээлтээ сонсголоо. Энэ удаагийн илгээлт хамгийн удаан буюу 2 цаг 6 минут үргэлжилжээ.
Түүний илгээлтийн гол хэсэг нь дотоодын нийгэм, эдийн засгийн бодлогын асуудлуудыг хөндсөн бөгөөд 2030 он хүртэлх болон түүнээс цааших ирээдүйд чиглэсэн байв.
Гадаад бодлогын тухайд
В.Путиний хэлснээр, Барууныханд Орос бус хараат бөгөөд мөхөж буй орон зай хэрэгтэй байгаа бол ОХУ өөрийн замыг өөрөө тодорхойлох болно.
Тэрбээр Оросыг сансарт цөмийн зэвсэг байрлуулахыг эрмэлзэж байна гэж буруутгасныг ор үндэсгүй гэж мэдэгдсэн ба Орос улс Европ руу довтлохоор зэхэж байна гэх үгийг "дэмий хоосон яриа" гэлээ.
НАТО-гийн цэргийг Украин руу илгээвэл үр дагавар нь эмгэнэлтэй байх болно гэж В.Путин онцгойлон тэмдэглэв. "Бидэнд ч мөн тэдний нутаг дэвсгэр дээрх байг онох зэвсэг бий" гэж тэрбээр анхааруулжээ.
Түүний хэлснээр, ойрын ирээдүйд Евразид тэгш, хуваагдашгүй аюулгүй байдлын шинэ чиглэл бий болгохын төлөө ажиллах шаардлагатай гэдэг нь тодорхой байна.
Нийгмийн бодлогын тухайд
В.Путин хүүхэдтэй гэр бүлийг дэмжих хэд хэдэн арга хэмжээг танилцуулж, “Гэр бүл” үндэсний шинэ төсөл эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Тухайлбал, гэр бүлийн ипотекийн зээлийн болон эхэд олгох тэтгэмжийн хөтөлбөрийг 2030 он хүртэл сунгахыг санал болгожээ. Мөн хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа үзүүлэх татварын хөнгөлөлтийг сард 2800 рубль, гурав дахь болон дараагийн хүүхдүүдээ төрүүлсний дараа үзүүлэх хөнгөлөлтийг сард 6000 рубль болгож нэмэгдүүлэхийг санал болголоо.
Оросын Ерөнхийлөгч илгээлтдээ ирэх зургаан жилд төрөлтийн түвшнийг нэмэгдүүлэх, мөн 2030 он гэхэд иргэдийн дундаж наслалтыг 78 болгох зорилт тавьжээ.
Түүнчлэн хүн амыг дэмжих хүрээнд 2030 он гэхэд ядуурлын түвшнийг 7 хувиас доош болгож бууруулахыг зорьж байна. Үүнээс гадна, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2030 он гэхэд 35 мянган рубльд хүргэхээр төлөвлөжээ.
Хийгээр хангах нийгмийн хөтөлбөрийг цэцэрлэгжүүлэлтийн нөхөрлөл болгон өргөжүүлнэ гэж Ерөнхийлөгч мэдэгдэв. В.Путин мөн хүн амын эрүүл мэндийн байдлыг шалгах, эрүүл амьдралын хэв маяг, биеийн тамирыг сурталчлах зорилготой "Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн" /ХБХБ/ тэмдгийн нормыг биелүүлсэн, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг хүмүүст 2025 оноос татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг мэдэгджээ.
Боловсролын сэдвийг хөндөхдөө В.Путин "Оросын залуучууд" үндэсний төслийг танилцуулж, түүний хүрээнд сургууль, коллежийн бүх зөвлөх, боловсролын захирлуудыг цалин хөлстэй болгохоо амлав.