К.Фүмио улс төрийн ёс зүйн хорооны сонсголд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-29 15:11:10

ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 29 /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон эрх баригч Либерал Ардчилсан намын (ЛАН) өндөр албан тушаалын гишүүд улс төрийн хандив цуглуулах үед гарсан санхүүгийн тайлангийн зөрчлийн талаар парламентын доод танхимын улс төрийн ёс зүйн хорооны хуралд тайлбар өгөхөөр болжээ. Тус хороо 2009 оноос хойш анх удаа хуралдах гэж байна. 


К.Фүмио улс төрийн ёс зүйн хорооны хуралд оролцсон түүхэн дэх анхны Ерөнхий сайд болж байна. Түүнийг санхүүгийн тайланг зөрчсөн хэрэгт шууд буруутгаагүй боловч тэрбээр тайлбар өгөх хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлжээ. К.Фүмио хэлэхдээ "намын даргын хувьд надад хүлээх үүрэг хариуцлага бий” гэжээ. Тэрбээр мөн “Засгийн газарт итгэх Японы ард түмний итгэл буурч байгааг хүчтэй мэдэрч байгаагаа” дурдсан байна. 


К.Фүмио дээрх хорооны хуралд оролцох болсонтой холбогдуулан Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса тайлбар өгөхдөө, эл асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод буй энэ үед Ерөнхий сайд зохих тайлбарыг өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Сөрөг хүчнийхний шаардлагын дагуу хурлыг нээлттэй явуулах ажээ. ЛАН-ы гишүүд сонсголыг нээлттэй явуулахыг эсэргүүцэж хурлыг хойшлуулсан боловч К.Фүмио биечлэн оролцохоор шийдвэрлэсний дараа талууд тохиролцоонд хүрчээ. 


Хоёр өдөр үргэлжлэх хурлыг өнгөрсөн оны сүүлчээр илэрсэн ЛАН-ын санхүүгийн зөрчилтэй холбогдуулан хийж байгаа юм. Тодруулбал, зарим гишүүн тусгай төлбөртэй үйл ажиллагаануудын үеэр цуглуулсан хандивын зарим хэсгийг тайландаа тусгаагүй нь тогтоогджээ. Нам доторх фракцууд гишүүддээ ийм үйл ажиллагаануудын тасалбарын борлуулалтаас мөнгө босгох квот тогтоодог боловч зарим улстөрчийн квот хэтэрдэг,  цуглуулсан мөнгөний бодит хэмжээ болон тогтоосон квотын зөрүүг санхүүгийн баримтад тусгахгүйгээр улстөрчдөд "буцаан олголт" хэлбэрээр шилжүүлсэн эсвэл улс төрийн нууц санд ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.


Энэ дуулианд Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн тэргүүлж байсан Ардчилсан либерал нам дахь хамгийн том фракц  холбогдоод байгаа юм. Түүнчлэн ерөнхий нарийн бичгийн дарга асан Никай Тошихирогийн фракц, К.Фүмиогийн өнгөрсөн оны 12 дугаар сар хүртэл тэргүүлж байсан бүлэгт мөн зөрчил илэрчээ. 


Өнөөдөр Японы Засгийн газрын тэргүүнээс гадна, Захиргаа, харилцаа холбооны сайд асан, Н.Тошихирогийн фракцын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Такэда Рёта тайлбар хийх төлөвтэй байна. Харин баасан гарагт А.Шинзогийн фракцын гишүүд болох сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга асан Мацүно Хироказү, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд асан Нишимүра Ясүтоши, Боловсролын сайд асан Шионоя Рю, парламенттай харилцах намын хорооны дарга асан Такаги Цүёши нар тайлбар өгнө. Тэд бүгд өөр өөр цаг үед А.Шинзогийн фракцын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байжээ. М.Хироказү, Н.Ясүтоши, Т.Цүёши нар дуулианы улмаас өндөр албан тушаалаасаа огцорсон юм. 


Парламентын доод танхимын улс төрийн ёс зүйг хороог 1985 онд хууль тогтоогчдын ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн депутатуудын хэргийг шалгах зорилгоор байгуулсан бөгөөд үүнээс хойш ердөө есөн удаа хуралдсан байна. Хурлын дүнд үндэслэн тус хорооноос зөрчилд холбогдогчдыг гишүүний бүрэн эрхээс нь түдэлзүүлэх эсвэл парламентын хуралд түр оролцуулахгүй байх санал гаргаж болох ч эдгээр нь зөвхөн зөвлөх шинжтэй байдаг. Тус хорооны ихэнх суудлыг ЛАН болон Комэйто намаас бүрдсэн эрх баригч эвслийн төлөөлөгчид эзэлдэг байна.


Томоохон дуулианы улмаас Японы Засгийн газрын нэр хүнд хамгийн доод түвшинд хүртлээ унаж, сайд, төрийн сайд, дэд сайд, АН-ын удирдлагын төлөөлөл зэрэг 15 улстөрч албан тушаалаасаа огцорсон юм. Тэд бүгдээрээ А.Шинзогийн фракцийн гишүүд ажээ. 



Related news