Hyundai компани Хятадаас лити худалдан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-01-19 16:43:05

СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 19 /OANA/. Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai Motor компани цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол материал болох литийг Хятадын ханган нийлүүлэгчээс авах гэрээ байгуулсан тухайгаа өнөөдөр мэдэгджээ.


Гэрээний дагуу Ganfeng Lithium компани 2027 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд Hyundai-д цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг литийн гидроксидын бүтээгдэхүүн нийлүүлнэ гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Гэхдээ гэрээний үнэ болон нийлүүлэх литийн хэмжээний талаар мэдээлэл өгсөнгүй.


Өнгөрсөн долоо хоногт Hyundai мөн цахилгаан автомашины цэнэг хураагуурын материалыг Shenzhen Chengxin Lithium Group компаниас нийлүүлэн авах дөрвөн жилийн гэрээ байгуулсан юм. Литийн гидроксид нь никельтэй амархан нийлэгждэг тул түүнийг цахилгаан машины өндөр хүчин чадалтай цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг байна.

Related news