Tesla тэргүүлэх байр сууриа Хятадын компанид алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-01-04 16:54:05

БРЮССЕЛЬ, 2024 оны нэгдүгээр сарын 4 /euronews/. Tesla компани цахилгаан автомашины борлуулалтаар тэргүүлэх байр сууриа Хятадын BYD компанид алджээ.


Тодруулбал, 2023 оны сүүлийн улиралд BYD компани 525 409 ширхэг цахилгаан машин, Америкийн тэрбумтан Илон Маскийн компани 484 507 ширхэг автомашин борлуулжээ. Энэ нь Хятад улс “ногоон тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч орны хувьд” хүчирхэгжиж байгааг харууллаа.


Гэсэн хэдий ч Tesla компани жилийн нийт борлуулалтын хэмжээгээр тэргүүлэгч хэвээр байна. Өнгөрсөн оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаан дахь борлуулалтын хэмжээ нь Уолл Стритийн шинжээчдийн таамаглаж байснаас 20 хувиар өсжээ. Tesla 2023 онд нийтдээ 1 сая 800 мянган цахилгаан машиныг зах зээлд нийлүүлсэн нь жилийн өмнөхөөс 38 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээрээс 96 хувь нь “Model 3” ба “Model Y” загвар бол үлдсэн 4 хувийг илүү үнэтэй “Model X”, “Model S” загварууд эзэлж байна.


Америкийн алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын санхүүжүүлдэг BYD нь дэлхийн автомашины үйлдвэрлэлээр хамгийн хурдацтай хөгжиж буй компанид тооцогддог. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлээр дэлхийд гуравт орж байна. Тус компани саяхнаас Европын зах зээл рүү чиглэж байгаа бөгөөд элдэв  хязгаарлалтаас зайлсхийхийн тулд Унгарт үйлдвэрээ нээхээр төлөвлөжээ.

Related news