Apple ухаалаг цагны импортыг хориглох шийдвэрийг давж заалдах гомдол гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-27 11:28:32

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /Reuters/.  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Masimo компанийн гомдлыг үндэслэн ухаалаг цагных нь импортыг хориглох шийдвэрт хориг тавихаас татгалзсаны дараа Apple компани уг шийдвэрийг давж заалдах гомдол гаргажээ.


Тус компани мягмар гарагт мөн АНУ-ын давж заалдах шатны тойргийн шүүхэд тус хоригийг хүчингүй болгох тухай яаралтай хүсэлт гаргасан байна. 


Тодруулбал, Apple-ийн цагны шинэчилсэн хувилбар нь Маsimo компанийн патентын эрхийг зөрчсөн эсэх талаар АНУ-ын Гаалийн болон Хилийн хамгаалалтын албанаас шийдэх хүртэл, мөн  шүүхийн шийдвэр гартал тус хоригийг түдгэлзүүлэхийг Холбооны улсын давж заалдах шатны тойргийн шүүхээс хүссэн байна. Гаалийн газар 2024 оны нэгдүгээр сарын 12-нд шийдвэрээ гаргах ёстой гэж Apple мэдэгджээ.


Дээрх асуудал нь Калифорнид төвтэй эмнэлгийн хэрэгслийн Маsiмо компанийн үүсгэсэн маргаанаас үүдэлтэй бөгөөд тус компанийн зүгээс "Apple компани цусан дахь хүчилтөрөгчийг хэмждэг манай технологийг хулгайлж сүүлийн үеийн шинэ загварын цаганд суулгасан" гэж буруутгасан байна.


АНУ-ын олон улсын худалдааны комисс (ITC) цусан дахь хүчилтөрөгчийн түвшинг хэмжих технологи бүхий Apple-ын цагны импорт, борлуулалтыг хориглосон юм. Тус компани 2020 оны Series 6” загвараас хойших  ухаалаг цагнууддаа  уг функцийг оруулсан ажээ.


“Энэ асуудлыг нухацтай зөвлөлдсөний эцэст хоригийг цуцлахгүй байхаар шийдсэн12 дугаар сарын 26-ны өдрийн ITC-ын  шийдвэр бол эцсийн шийдвэр мөн” гэж АНУ-ын Худалдааны төлөөлөгч Кэтрин Тай мягмар гарагт мэдэгдсэн байна.

Related news