Японы автомашин үйлдвэрлэгчид Тайландад хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-26 17:25:38

БАНГКОК, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд ирэх таван жилийн хугацаанд Тайландад 150 тэрбум баат буюу 4.34 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. 


Тодруулбал, Toyota Motor, Honda Motor компаниуд тус бүр 50 орчим тэрбум баат, Isuzu Motors 30 тэрбум, Mitsubishi Motors 20 тэрбум баатын хөрөнгө оруулна гэж Тайландын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Вачарок Чай өнөөдөр мэдэгдсэн байна. Эл хөрөнгө оруулалт нь цахилгаан пикап ачааны машины үйлдвэрлэлийг мөн хамрах аж.


Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин өнгөрсөн долоо хоногт Японд айлчилжээ.


Японы автомашин үйлдвэрлэгчдийн энэхүү хөрөнгө оруулалт нь дотоод шаталтын хөдөлгүүртэй машинаас цахилгаан хөдөлгүүрт машин руу шилжих засгийн газрын бодлогыг дэмжинэ гэж В.Чай хэлсэн байна.


Зүүн өмнөд Азийн хоёр дахь том эдийн засаг бүхий тус улс нь автомашины үйлдвэрлэл, экспортоор бүс нутагтаа тэргүүлэгч орнуудын нэг юм. Японы үйлдвэрлэгчид хэдэн арван жилийн турш Тайландын автомашины салбарт ноёрхож байгаа хэдий ч сүүлийн үед Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчид томоохон хөрөнгө оруулж байгаа юм.


Тайланд улс 2030 он гэхэд жил бүр үйлдвэрлэж буй 2.5 сая автомашиныхаа гуравны нэг орчмыг цахилгаан хөдөлгүүрт машин болгохын тулд тус салбарт илүү их хөрөнгө оруулалт татахыг зорьж байна.


Toyota, Honda, Isuzu, Mitsubishi компаниуд Ройтерс агентлагийн тайлбар авах хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.

Related news