“Binance”-ийн гүйцэтгэх захирал буруугаа хүлээж огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-22 15:45:57

НЬЮ ЙОРК, 2023 оны арваннэгдүгээр сарын 22. /Reuters/. Дэлхийн хамгийн том крипто бирж болох “Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх хуулийг зөрчсөн гэм буруугаа хүлээж огцорчээ. Ингэснээр олон жил үргэлжилсэн шалгалт эцэслэгдэж, тус компани АНУ-ын хууль зүйн яамтай тохиролцсоны дагуу нийт 4.3 тэрбум долларын торгууль төлөхөөр болсон байна.


Энэ нь Ч.Жаогийн хувиасаа төлөх 50 сая долларыг оруулаад АНУ-ын түүхэн дэх хамгийн их хэмжээний торгууль болж байгаа бөгөөд “FTX-ийг үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрийд залилангийн хэргээр шийтгүүлсний дараахан криптовалютын салбарт бас нэг цохилт боллоо.


Гэвч 2017 онд үүсгэн байгуулсан Binance дахь хувьцаагаа (асар их хөрөнгө) өөртөө үлдээх боломж олгосноор Ч.Жаогийн хувьд маш сайн тохиролцоо боллоо гэж хуулийн мэргэжилтнүүд үзэж байна.


Binance” компани нь АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх болон хориг арга хэмжээний тухай хуулийг зөрчиж, "ХАМАС", "Аль-Каида", Ирак, Сири дэх "Лалын улс" зэрэг террорист бүлэглэлүүдийн хийсэн 100 мянга гаруй сэжигтэй гүйлгээний талаар тайлагнаагүй гэж албаныхан мэдэгджээ. Үүнээс гадна, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаарх контент худалддаг вэб сайттай хийсэн гүйлгээний талаар мөн тайлагнаж байгаагүй аж.


"Binance нь гэмт хэрэгтнүүдэд хулгайлсан хөрөнгө болон хууль бус орлогоо биржээр дамжуулан шилжүүлэх бололцоо олгосон. Тус компани Нэгдсэн улсын хуулийг дагаж мөрдөөгүйгээс гадна хуулийн дагуу ажиллаж байгаа мэт дүр эсгэсэн " гэж АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд мягмар гарагт мэдэгджээ.


Түүхий эдийн фьючерс арилжааны комисс (CFTC) болон Сангийн яамтай хэлэлцэж буй Хууль зүйн яамны тохиролцооны дагуу Ч.Жаод Нэгдсэн улсын удирдамжийн дагуу 18 хүртэлх сарын хорих ял оноохоор төлөвлөж байна гэж New York Times сонин мэдээлсэн байна.


Тэрбумтан Ч.Жао нь Хятадад төрсөн бөгөөд 12 настайдаа Канад руу нүүж иржээ. Тэрбээр мягмар гаргийн үдээс хойш Сиэтл хотын шүүхэд гэм буруугаа хүлээсэн байна.


"Өнөөдөр би Binance-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорч байна. Би алдаа гаргасан тул хариуцлага хүлээх ёстой. Энэ нь манай нийгэм, Binance болон миний хувьд хамгийн зөв шийдвэр юм" гэж Ч.Жао олон нийтийн сүлжээнд мэдэгджээBinance”-ийн удирдах албан тушаалд олон жил ажиллаж буй Ричард Тэнг гүйцэтгэх захирлаар ажиллана гэдгийг Ч.Жао мөн мэдээлсэн байна.

Related news