Электрон тамхи сурталчилсан самбаруудыг буулгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-08-03 11:31:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гудамжинд байршуулсан электрон буюу цахилгаан тамхийг сурталчилсан самбаруудыг буулгуулж, албан шаардлага хүргүүлэв.


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн нийтийн болон хувийн эзэмшлийн барилга, байгууламж, зам, талбайд гадна зар сурталчилгаа байршуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж, журам, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.


Шалгалтын хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах “Оргил” худалдааны төвийн урд автозамын уулзварт болон “Шинэ өглөө” хотхоны орон сууцны хананд, Баянзүрх дүүрэг дэх “Баялаг ундраа” төвийн урд автозамын дэргэд нийтийн эзэмшлийн талбайд, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын 35 дугаар байрны хананд тус тус байршуулсан электрон буюу цахилгаан тамхийг татахыг уриалсан зар сурталчилгааны самбаруудыг буулгуулав.


Электрон буюу цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зурагт болон үгэн мэдээлэл бүхий гадна зар сурталчилгааны самбарыг нийслэлийн гудамж талбайд олон нийтэд ил харагдах байдлаар байршуулсан мөн цахим орчноор цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зар сурталчилгаа явуулж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.


Энэ үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно” гэж заасныг зөрчиж буй тул зөрчлийг арилгуулахаар “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ, “Электрон гаджет”, “Танко трейд”, “Грийн сөркл”, “Новака интернэйшнл”, “Фоор сийсон” ХХК болон цахим орчноор сурталчилгаа хийж буй бусад аж ахуй эрхлэгч, иргэнд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.





Related news