АН сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүдийг нэгтгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хууль бус үйлдлүүдийн талаар АН-ын онцгой комисс өнөөдөр намын байрандаа мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл долдугаар сарын 20-ны өдөр хуралдаж сонгуулийн явцад гарсан хууль зөрчсөн үйлдлүүдийн талаарх мэдээллийг нэгтгэх, судалгаа хийх, дүгнэлт гаргах зорилгоор Гүйцэтгэх Зөвлөлийн Онцгой комисс байгуулжээ. Тус комиссын даргаар Я.Санжмятав, Дэд даргаар С.Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар томилогдсон байна. Одоогоор сонгуулийн хууль бус үйлдлийн талаар нийт 200 гаруй өргөдөл гомдлыг хүлээн авчээ.
Тодруулбал, МАН-ын сонгуулийн санхүүжилт босгох 60 тэрбум төгрөгтэй холбогдох бичлэг, СЕХ-ны дарга удирдлагууд сонгуулийн тухай хууль зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан тухай мөн УИХ-ын 14 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулуун, 46-р тойрогт нэр дэвшигч О.Содбилэг, 48-р тойрогт нэр дэвшигч Д.Дамба-очир, 49-р тойрогт нэр дэвшигч Д.Оюунхорол нарын мөнгө тараасан гэх хууль бус үйлдэл болон УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Энхболдын сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл, сонгуулийн үед шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулсан долоон нэр дэвшигчийн маргааныг хянуулахаар хууль хяналтын байгууллагад ханджээ.
Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Батхуяг ярихдаа,“Бид сонгуулийн явцад МАН-ын нэр дэвшигчдийн хууль зөрчсөн олон үйлдлийг хөдлөшгүй нотлох баримттай гаргаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой шийд гарахгүй байгаа төдийгүй ямар ч хариу ирүүлээгүйг албан тушаалтны нөлөөлөл гэж хардахад хүргэж байна. Тиймээс холбогдох байгууллагын мэргэжлийн түвшин ёс зүйн асуудлаар хандах болсныг мэдэгдэж байна” гэлээ.
М.Үүрийнтуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news


