Баян-Өлгий, Дорнод аймгаас улсын мэргэн төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-12 20:36:27

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн үндэсний сурын харваанд Баян-Өлгий, Дорнод аймгаас улсын мэргэн тодорлоо.


Тодруулбал, эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Х.Хүрэлтуяад, эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, “Халиун-Өндөр” багийн харваач Ч.Гандаваад нар төрийн наадамд анх удаа түрүүлснээр Улсын мэргэн цолын болзол хангалаа. Түрүүлсэн болон болзол хангасан харваачдад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, цол олголоо. “Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолын батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэв.


Эрэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, Баянхонгор аймгийн үндэсний сурын холбооны харваач Б.Баянмөнх 40 сумнаас 38 онож “Улсын гарамгай харваач” цолтон боллоо.


Тэгвэл эмэгтэйчүүдийн улсын мэргэн Л.Одсүрэн дэд байрт шалгарсан бол Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Н.Банзрагч гуравдугаар байр эзэлж, “Улсын гоц харваач” цол хүртлээ. Харин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Алдар” хорооны харваач А.Содномпилд дөрөвдүгээр байрт шалгарч “Улсын онч харваач”, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, Б.Сугармаа тавдугаар байр эзлэн “Улсын тод харваач” цолтон боллоо.  












 

Related news