Ц.Батбаяр: Монгол, Японы 100 жилийн түүхийг гуравдагч хөршийн өнцгөөс харж бичсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-24 12:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тэртээ 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. Энэ тухай ноот бичгийг БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин сайд Б.Лувсанчүлтэм, Япон Улсаас ЗХУ-д суугаа Элчин сайд К.Нийсэки нар Москва хотод солилцож байв. Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоог 1974 оны 9 дүгээр сарын 23-нд байгуулжээ

Монгол, Япон улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн энэхүү өдрийг тохиолдуулан Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн Ц.Батбаяртай ярилцлаа.


-Японы Монгол судлал "үлгэр жишээ" хөгжиж байна. Харин та япон судлалаар мэргэшсэн цөөн эрдэмтний нэгийн хувьд Монголд япон судлал ямар түвшинд хөгжсөн гэж үздэг вэ. Япон судлалыг сонирхох болсон түүхээсээ хуваалцана уу?

Би нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургуулийг 1975 онд дүүргээд, хуучнаар ЗХУ-ын Ленинградын Их сургуулийг 1981 онд япон судлаач мэргэжлээр төгсөн ирж ШУА-иас ажлын гараагаа эхлүүлэн 1981-1999 онд 19 жил ажилласан юм. Анх 1993 онд “Кодама, Мицуй пүүс, Хүрээнд байсан япончууд” бэсрэг номоо гаргаж япон судлаач болохоо харуулж эхэлсэн. Үүнээс хойш 1998 онд “Монгол ба Япон ХХ зууны эхний хагаст”, 2012 онд “Монгол ба Япон ХХ зуунд” номоо хэвлүүлж ХХ зууны Монголын түүхэн дэх Японы хүчин зүйлүүд, тухайлбал 1930-аад оны хэлмэгдүүлэл, 1939 оны Халхын голын дайн, 1972 онд хоёр орон хэвийн дипломат харилцаа тогтоосон зэрэг асуудлыг хоёр орны архивын баримт сэлтийг ашиглан үзэл сурталжуулалгүй, үнэн бодитой гаргаж тавьсан байгаа.

1990-ээд оны дундуур Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийг удирдаж, 1990-ээд оны Монголын шилжилтийн хүнд үед хоёр орны найрамдлын нийгэмлэг, олон нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулж байсан. 2007 оноос Монголын Япон судлалын нийгэмлэгийг удирдаж, Монголд япон судлалыг төлөвшүүлэх, залуу дунд насны судлаачдыг бэлтгэх, жил бүр Япон судлалаар хавар, намрын семинар, симпозиум зохиох ажлыг чармайн хий ирсэн. Хоёр жилийн өмнө Япон сангийн дэмжлэгээр “Монгол, Японы ардын дипломат, ТББ-уудын хамтын ажиллагаа” томоохон симпозиумыг Улаанбаатарт зохион байгуулсан. Жил бүрийн хавар өөр өөр сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийдэг. Японд болсон цунамигийн талаар 2013 онд хурал хийж байсан. Дараа нь 2007, 2019 онд хурал хийж, илтгэлээр нь эмхэтгэл гаргасан байгаа. Харамсалтай нь, цар тахлын улмаас сүүлийн 2 жилд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихоод байна даа.



-Та дээр дурдлаа. Манай улсад нийгэм солигдсон яг тэр цаг үеүдэд Монгол Японы харилцаа хэрхэн өөрчлөгдсөн бол, танд ямар өөрчлөлт мэдрэгдэж байсан бэ?

Судлаач миний бодлоор 3 хүчин зүйлийг дурдахыг хүсэж байна. Нэгд, Монгол Улсын Засгийн газар, ард түмэн 1990 оноос хойш ардчилал, зах зээлийн эдийн засгийг эргэлт буцалтгүй сонгон, тэр замаар тууштай замнахаар шийдсэн. Энэ нь 1972 оноос хойш хоёр орны харилцаанд байгаагүй цоо шинэ нөхцөл байдлыг бий болгож, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийн үндсэн дээр хоёр орны харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэх бололцоог нээж өгсөн юм. Японы хувьд Монголын ардчилсан өөрчлөлт нь хоёр хөрш төдийгүй, Азийн авторитар дэглэмтэй бусад орны хувьд үлгэр жишээ болж, Монголын туршлага, ардчиллын загварыг амжилтад хүргэх тууштай сонирхол байгаа нь харагдаж байв.

Хоёрт, Монголын удирдагчдын ХХ зууны эхнээс эхэлсэн “гуравдахь хөрш”-ийн бодлого 1990 оноос эрчимжиж, хоёр хөршөөс гадна манай гурав дахь бат бэх гадаад тулгуур болох Япон орныг АНУ, Европын Холбоо бусад субьекттай эн зэрэгцүүлэн тавих болсон юм.

Гуравдугаарт гэвэл, бас нэг сэтгэл зүйн хүчин зүйлийг хайхрахгүй байж болохгүй. Зүүн Өмнөд Азийн зарим оронтой адилгүй Монголын хувьд Япон орон, япончууд нь дэлхийн II дайны үед манай орныг эзлэн түрэмгийлж, элдэв харгислал үйлдэж байгаагүй, “түүхийн ял зэм” асуух зүйл үгүй гэж хэлж болно.


Нөгөө талаас япончуудын хувьд Монгол орон, монголчууд нь Төв Азийн зүрхэнд орших “морьтон үндэстэн” хэмээн сэтгэл зүрхний угаас дотно ханддаг.


Дэлхийн II дайны дараа өөрсдийн амсаж байсан зовлон зүдгүүрийг 1990 оны дараах Монголын эдийн засаг унасан, дэлгүүр лангуу нь хоосон, “гудамжны хүүхдүүд” олширсон зэрэг сэтгэгдлээр хүлээн авч тусламжийн гараа сунгахаар шийдсэн нь маргаангүй юм  л даа.


-Та Япон Улсад ЭСЯ-ны зөвлөх, дипломат алба хашиж байсан. Сэтгэлд хоногшсон үйл явдлаасаа хуваалцаж болох уу?

Монгол Улсын Гадаад харилцааны албанд 1999 оноос шилжин ажиллаж, яамны “уураг тархи” гэгддэг Бодлогын газрын захирал, Бээжин дэх ЭСЯ-нд ЭСЯ-ны дэд тэргүүн, БНКуба Улсад Элчин сайд зэрэг албыг хашжээ. Харин Токиогийн ЭСЯ-нд ажиллаж байгаагүй.

Гэвч ГХЯ-ны Бодлогын газрын даргаар 2008-2009, 2013-2014 онд ажиллаж байхдаа Токиод албаны шугамаар хэд хэдэн удаа айлчилж, 2013 оны 3 дугаар сард Монгол-Японы ГЯЯ хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ахалж байсан. Мөн оны Токиод болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Японы ГЯЯ-ны Газрын захирал Сугияма Шинсукэ нарын ЗХА-ийн асуудлаарх бодлогын уулзалтад биечлэн оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрээр 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх санаачилгыг эхлүүлэхэд гар бие оролцон, Улаанбаатарын яриа хэлэлцээг 2014 онд ГЯЯ-наас зохион байгуулж байв.



-Япон хүнээс суралцах зүйл их гэж монголчууд ярьдаг л даа. Тэгвэл, ялангуяа дипломат албаны хувьд юугаар жишээлж болох вэ?

Япон хүний ажилч хөдөлмөрч зан чанар, хийсэн ажлаа заавал дуусгаж сэтгэл нь амардаг, найрамдал нөхөрлөлдөө үнэнч, хүнийг хуурдаггүй, ач мартдаггүй, худал хуурмаг зүйлийг тэвчдэггүй, үнэнч шударга явбал хэзээд хүрсэн зорилгодоо хүрнэ гэх мэт олон сайхан зан чанарыг дурдаж болно. Монголд ажиллаж байсан, одоо ч ажиллаж буй Ханада Марохито, Шимизү Такэнори, Кобаяши Хироюки зэрэг элчин сайд нар, Хаяши Шиньичи, Варатани нарын дипломатын ажлын арга барил, үнэнч, Монгол-Японы харилцааг урагшлуулах, аливаа харилцааны асуудлыг жижиг том гэж ялгахгүй, харилцааны ажлыг хийж бүтээх гэж зүтгэдэг зан чанар бидний хувьд үлгэр жишээ болж ирсэн байдаг.


-Монгол Японы харилцаа, судлалын тухайд яриагаа эргүүлье. “Монголын Япон судлалын нийгэмлэг”-ийг ер нь ямар сэдэл санаачилгаар байгуулж байв?

Анх 2007 онд япон судлаач, багш нар, ТББ-ынхан зэрэг бидний хэдэн нөхөр сэтгэл санаагаа нэгтгэж “Монголын Япон судлалын нийгэмлэг” ТББ-ыг байгуулсан билээ. Үүнд ШУА-ийн Хүрээлэнгийн доктор Б.Сэржав, Э.Пүрэвжав, Ц.Батбаяр, У.Загдцэсэм, МУИС-ийн профессор багш нар Т.Мөнхцэцэг, С.Долгор, С.Баттулга, Хүмүүнлэгийн Их сургуулийн багш Ц.Пүрэвсүрэн, Улаанбаатар их сургуулийн Амгалан, бусад ТББ-аас С.Дэмбэрэл, Д.Төмөрбаатар нар үүсгэн байгуулагчид нь юм. Монгол Улсад япон судлалыг бүх талаар дэмжин хөгжүүлэх, Японы нийгэм-эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбар дахь тэргүүний ололт амжилтыг сурталчлан таниулах зорилго тавьж байв.

Өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээний 10 гаруй хурал, семинар зохион байгуулж, Япон Улсын Япон сантай хамтран хоёр ч төсөл хэрэгжүүлж, олон улсын хэмжээний 2 эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ. Тухайлбал, 2007 онд “Японы соёл: уламжлал ба шинэчлэл”, 2008 онд “Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа”, 2011 онд “Японы боловсролын тогтолцооны уламжлал, шинэчлэл”, 2013 онд “Японы Тоохоку бүсийн сэргээн босголт, түүнээс авах сургамж туршлага”, 2014 онд “Монгол, Японы соёлын хамтын ажиллагаа” хурал зохион байгуулж, манай эрдэмтэн, судлаач, багш, оюутан нар олон арван илтгэл хэлэлцүүлж, хурлын эмхэтгэлийг жил бүр хэвлэн нийтлүүлсэн байгаа. Түүн дотор 2011 онд Японы Тоохоку бүсэд болсон аймшигт газар хөдлөл, далайн цунами, түүний ул мөрийг арилгахын тулд Японы ард түмнээс авч буй арга хэмжээний тухай хийсэн хурал Монголд ихээхэн анхаарал татаж, олон нийт санал бодлоо илэрхийлж байлаа.


-Монгол улсын гадаад бодлогод Япон Улсын ач холбогдлыг хамгийн товчоор та хэрхэн тодорхойлох вэ? 

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “гуравдагч хөрш”-ийн, мөн бие даасан олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлэх зарчмын чухал чиглэл тусгагдсан билээ. “Гуравдагч хөрш”-ийн бодлого гэдэг нь зүгээр нэг тунхаглал төдий зүйл биш, тодорхой хамтын ажиллагааны бизнес төсөл, бодит хөрөнгө оруулалтаар баталгаажсан байх ёстой билээ. Ийм даацтай “гуравдагч хөрш”-ийн нэг бол гарцаагүй Япон улс юм.

1996 оноос хоёр орон харилцан ойлголцож, харилцан итгэмжилсэн улс төрийн харилцаа, тэгш эрх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл боловсрол, ШУТ, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаа, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх, олон улсын талбарт, түүний дотор олон улсын байгууллагад хамтран ажиллах гэсэн 4 үндсэн чиглэлээр “иж бүрэн түншлэлийн харилцаа”-г өргөжүүлэхээр тохиролцсон билээ.

ХХI зуун гарсаар хоёр орны харилцаа дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж, агуулга өргөжин, 1997 оноос Япон улстай хөгжүүлсэн иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр 2010 онд тохиролцсон нь түүхэн чухал алхам болсон.  Япон Улс манай орны чухал “гуравдагч хөрш” орон. Ач холбогдол нь улам бүр нэмэгдэх болно.


-Дипломат харилцааны 50 жилийг дүгнэхэд мэдээж хийж амжаагүй зүйлс ч байгаа байх?

Монгол Улсын давуу тал бол олон зуун жилийн уламжлалтай бэлчээрийн мал аж ахуйн орон. Монголын экологийн цэвэр бүтээгдэхүүн малын гаралтай түүхий эд, малчин удамтай ажиллах хүч, хоёр том хөрш орны хүнсний зах зээлд ойр байдаг зэрэг хүчин зүйлийг ашиглан Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шугамаар малын гаралтай түүхий эдийг боловсруулах хөнгөн, хүнсний үйлдвэрийг шинээр хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа арьс шир, ноос ноолуур, мах сүүг боловсруулж, эцсийн хэрэглээний бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэргүүний техник технологи шингэсэн үйлдвэр байгуулах нь чухал юм. Энэ үндсэн дээр Монгол, Японы хооронд төдийгүй, Монгол-хөрш орнуудын гадаад худалдааны эргэлтийг нэмэх томоохон боломжийг зүй зохистой ашиглах талаар ажиллах хэрэгтэй байна.


Энэ үүднээс Японд өргөн дэлгэрсэн “нэг тосгон, нэг бүтээгдэхүүн” төслийг манай Баянхонгор, Дорноговь аймагт хэрэгжүүлж ирсэн. Энэ туршлагыг дэлгэрүүлж, илүү олон аймаг суманд “нэг сум, нэг бүтээгдэхүүн” төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж боддог.

Ингэснээр Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, “солонгоруулах” чиглэлд даацтай алхам болох юм.


-Хоёр орны харилцаа дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд гээд олон салбарт эрчимжсэн. Гэхдээ өөр ямар чиглэлд түлхүү хөгжөөсэй гэж та үзэж байна вэ?

Манай улс Япон Улстай харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр 2010 онд тохиролцсон нь түүхэн чухал алхам юм. “Стратегийн түншлэл “ байгуулахад чиглэсэн Монгол, Японы хамтарсан мэдэгдэлд зааснаар Монгол, Японы үйл ажиллагааны 2007-2017 оны 10 жилийн үндсэн хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа хоёр тал илэрхийлсэн байдаг. Цаашид дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмж, улс төрийн зөвлөлдөх механизмыг бэхжүүлэн, Монгол, Японы стратегийн хамтын ажиллагааг уул уурхай, эрдэс баялгийн салбарт төдийгүй эрчим хүч, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт өргөжүүлэх, соёл болон иргэд хоорондын солилцоог нэмж, бүс нутаг, олон улсын талбарт хамтран ажиллахаар тохиролцоод байгаа шүү дээ.


-Бидний яриа япон судлалын талаар эхэлсэн. “Монгол ба Япон XX-XXI зуунд: Гуравдагч хөршийн харилцааны түүх” номын 2 дахь хэвлэл ямар онцлогтой талаар зохиолчтой нь хуваалцахад мэдээж сонин байх. Мөн энэ номоо япон хэлээр гаргах уу?

Шинэ ном маань хоёр орны харилцааны 100 гаруй жилийн түүхийн үе шат бүрийн онцлогийг гаргаж үзүүлэхэд чиглэсэн. Япон судлалын залуу хойч үеийнхэнд гарын авлага болно гэж найдаж байна. Япон хэлээр орчуулж хэвлүүлэх бодолтой байгаа.

Монгол-Японы дипломат харилцааны 50 жилийн ойд зориулж энэ онд хэвлүүлсэн хоёр дахь хэвлэлийн шинэлэг тал бол ХХ-XXI зууны Монгол-Японы харилцааны түүхийг Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын үүднээс нэлэнхүйд нь  шүүн шинжиж, олон төрлийн шинэ үнэлэлт дүгнэлт хийсэнд оршиж байгаа. Зохиолын үндэслэл, гаргасан дүгнэлт XXI зууны төрийн гадаад бодлого, Япон болон бусад “гуравдагч хөрш” оронтой харилцах бодлого, үйл ажиллагаанд ухаарал, эргэцүүлэл, сургамжийн чухал ач холбогдолтой гэдэгт эргэлзэхгүй байна.

Дэлхийн II дайны дараагаас өнөөг хүртэлх Монгол-Японы харилцааг зохиогч нийт 5 дэд үед хувааж үзсэн юм. Эхний үе нь дайны дараах хоёр орон бие биеэ цоо шинээр танин мэдэх, түүхээс үлдсэн ээдрээтэй хэдэн асуудлын шийдлийг олох байв. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоох үйл явц 1970-аад оны эхэн хүртэл сунжирсан нь “хүйтэн дайн”-ы уур амьсгал, дайны төлбөр, Монголд байсан Японы олзны цэргүүд зэрэг маргаантай хэд хэдэн асуудлаас үүдэлтэй. Эдгээр асуудал нь 1946 оноос эхлэн тавигдсан ч 2 тал тодорхой шийдэл олтол олон жил болсон юм.

1960 он орчмоос 1972 он хүртэлх хоёр орны хооронд хэвийн, дипломат харилцаа тогтоосон улс төрийн түүх нь хоёр орны дотоод улс төрийн байдлаас гадна тухайн “хүйтэн дайны үе"-ийн олон улсын байдал, Тайваны хүчин зүйл, АНУ-ын байр суурь, Япон-Зөвлөлт, Япон-Хятадын харилцаанаас хамаарч байв. Монгол, Япон хоёр орон нь 1972 оны 2 дугаар сард албан ёсны дипломат харилцаа тогтоосноор ХХ зуунд анх удаа олон улсын жишгээр бие биеэ хүлээн зөвшөөрч, бүрэн эрхт тусгаар тогтносон улсуудын хувьд улс төр, эдийн засаг, соёл боловсрол зэрэг бүх салбарт харилцааг хөгжүүлэх нэн таатай нөхцөл бүрдүүлсэн билээ.


Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. 1990 оноос хойш дэлхийн бодлогод нөлөө бүхий, Монголын ардчиллын үнэт зүйлсийг дэмждэг орныг бид гуравдагч хөрш байгаа. Япон, АНУ, ЕХ, Герман, Энэтхэг, БНСУ чухал хөршүүд юм.



-Монголын япон судлаач залуучуудыг дэмжихэд хэр анхаардаг бол?

Монголын япон судлаачдын залуу үеийг бэлтгэхэд “Тоёото сан” дэмжиж симпиозиум зохион байгуулсан нь Японыг судалдаг Монголын залуу судлаачдыг бэлтгэж байгаа хэрэг. Энэ үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй юм. Япон судлалын чиглэлээр залуусыгаа дэмжих хурал хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас ямар нэг үйл ажиллагаа явуулахад хаалттай болчихлоо л доо.



-Манай иргэд нэг үеэ бодвол япон бараа их хэрэглэдэг болж байна. Харин Монголоос Япон руу цөөн тооны бүтээгдэхүүн экспортолж байгаа. Үүнийг өргөсгөх ямар боломж байна вэ, энэ талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

Манай үйлдвэрлэгчид 1990 оноос хойш Япон улс руу үндэсний брэнд бүтээгдэхүүнээ экспортлох гээд хүчин чармайлт гаргаад явж байна. Ноолууран бүтээгдэхүүн, чацарганыг тодорхой хэмжээгээр гаргадаг. Адууны махыг багахан хэмжээгээр экспортолж байсан. Тухайн үед япончууд өөрсдөө ирээд ямар тэжээл өгч мах бэлтгэх талаар малчдад зөвлөж байсан. Японы зах зээлд хүнсний бүтээгдэхүүн гарахад ариун цэврийн шаардлага хангах зэргээр бэрхшээл байдаг байх. Харин эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ачаар манай сүлжээ дэлгүүрүүдэд Японы жижиглэнгийн бараа зарагдаж байгаа.


-Та номдоо хоёр орны харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцсон олон хүндтэй эрхмүүдийн талаар дурдсан байсан. Тэрхүү дурсамжийг тань энэ ярилцлагаараа үргэлжлүүлэхэд ч сонирхолтой гэж бодож байна?

Японтой холбоотой сайхан хүмүүс, Монголд элэгтэй Т.Шимизү, К.Ханада гээд олон сайхан дипломатын тухай дурсамж бий. Т.Шимизү гуай гэхэд л бидний өмнөөс Монголын экспорт нэмэгдэхгүй, ардчилал нь болохгүй байна гээд чин сэтгэлээсээ санаа зовдог байсан. Нутаг буцахдаа монголчуудаас ийм зүйл хүсэж байна гээд захиа хүртэл бичиж үлдээж байсан шүү дээ.

Монгол, Японы Ардын дипломатын хурал хийж, эмхэтгэл гарган хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулсан хүмүүсийн тухай нийтэлсэн. Японы эрдэмтэн Сакамато, Элчин сайд К.Ханада, эмч Касуго Юкиёо гээд дурдвал олоон. Касуго гэхэд цэргийн эмнэлэгт ажиллаж, Японы олзны хүмүүсийн дунд эмч байсан. Япондоо буцаж очоод Монголд байсан олзны цэргүүдийнхээ тухай бичиж, оршуулсан 10 гаруй газраар явж дурсгалын самбар босгон, хамгийн сүүлд Япон цэргийн хүндэтгэлийн цогцолбор байгуулахад хувь нэмэр оруулсан. Монголчуудын төлөө их зүйл хийсэн. Японд хувь хүмүүсээс мөнгөн хандив цуглуулж, “Тэмүүжиний хөвгүүд” хүүхдийн асрамжийн газар байгуулсан. Ерэн он гараад Монголын траншейны хүүхдийн тухай нэвтрүүлэг Японд гарснаас санаа авч энэ төвөө байгуулсан гэдэг. Касуго гуай Монголтой бүх насаараа холбогдон, 80 гаруй наслаад 2010 онд өөд болсон.


Түүнчлэн, хоёр орны хооронд анх харилцаа тогтооход хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг П.Цэрэнцоодол агсан дипломат харилцаа тогтоох анхны хэлэлцээрийг 1960-аад онд хийж байсан. Энэ хүний хичээл зүтгэлээр маш их зүйл бүтсэн. Хэлэлцээрт Элчин сайд К.Ханада гуай ч залуухан байхдаа оролцож байсан. Дараагийн Элчин сайд С.Хүрэлбаатар, Р.Жигжид гээд харилцаанд гар бие оролцсон хүмүүс болон “ардын дипломат” Д.Төмөрбаатар нарынхаа тухай ч “Монгол ба Япон XX-XXIзуунд: Гуравдагч хөршийн харилцааны түүх” номдоо оруулсан байгаа. 

Related news