Жилийн 50 сая төгрөгөөс дээш орлоготой компанийг санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-22 15:56:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран энэ оноос түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.


Энэ хөтөлбөрт өмнө нь 24 сарын хугацаатай, жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгж хамрагдах боломжтой байсан. Харин одоо ЖДҮ эрхлэгчдээ түлхүү хамруулах, боломж олгох үүднээс нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой болгон өөрчилжээ.


Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны зорилго, зорилтыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн өнөөдөр танилцуулсан юм.


Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж өгдөг. Хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлыг санхүүжүүлж, 1 аж ахуйн нэгж багадаа 20 сая, ихдээ 300 сая, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой. 


Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд материалаа application@edp.mn цахим хаягаар илгээн, pimis.edp.mn цахим системд нэвтэрч, ерөнхий мэдээлэл, шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх баримт бичгээ өгнө. Мөн экспортыг дэмжих төслийн https://edp.mn/ цахим хуудас, төслийн бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй уулзаж, мэдээлэл авах аж. 

Related news