Нийтийн тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн хийгээр хангах санал тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ОХУ-ын “Газпромбанк”-ны удирдлагыг өнөөдөр хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар ярилцав. Уулзалтад “Газпромбанк”-ны Нефть хийн төслийн газрын захирал, АО “Криогаз” ХХК-ийн ерөнхий захирал В.О.Смелов, тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Нефьт хийн газрын дарга М.Ю.Радионов, орлогч дарга Л.А.Лавров, хамтарсан компанийн ерөнхий захирал А.В.Горелов, “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Лий Ил Гио, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Н.Баярчимэг, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Г.Даваажаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Газпромбанк”-ны удирдлагууд уулзалтын эхэнд хамтарсан нэгж
байгуулан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тус банкны Нефть
хийн төслийн газрын захирал, АО “Криогаз” ХХК-ийн ерөнхий захирал В.О.Смелов, “Байгальд ээлтэй шингэрүүлсэн байгалийн хийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобус,
автомашины хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж хангах, цаашлаад Эрхүү зэрэг хотод
шингэрүүлсэн хийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах, түгээх станцууд барих
төлөвлөгөөтэй байгаа”-г дуулгав. Тэрээр, “Хоёр
талын харилцан
ашигтай хамтын ажиллагаагаа эхлүүлэхэд Монгол
Улсын нийслэл
хотын удирдлагуудын зүгээс бодитой дэмжлэг, ойлголцол, шат дараалсан хэлэлцээр
чухал байна. Улаанбаатар хотын иргэдийн автомашины
хөдөлгүүрийг газ хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн зүгээс бодлогоор тодорхой
дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Уул уурхайгаас ангид байгальд ээлтэй, сэргээгддэг
эх үүсвэрийг дэлхий нийтээр эрэлхийлж байна. Энэ бол дан ганц Улаанбаатар хотын
асуудал биш. Дэлхий нийтийн асуудал. Нийслэл, харьяа агентлаг, газрууд
агаарын болон хөрсний бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийг бууруулах зорилгоор
хатуу түлшийг байгальд ээлтэй эх үүсвэрээр солих ажилд анхааран ажиллаж байна.
Үр дүнд хүрсэн бодитой шийдэлтэйгээр хамтран ажиллахад таатай байна. Хотын
зүгээс мэргэжлийн баг бүхий хөрөнгө оруулалтын ажилд НИТХ-ын бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажиллах
болно” гэлээ.
Хамтарсан уулзалтын үеэр “Газпромбанк”-ны төлөөлөгчид Улаанбаатар хотын иргэдийн
шингэрүүлсэн хийн хэрэглээ нэмэгдэж байгаа хэдий ч эх үүсвэр, түүхий эд,
түлшний хангамж тасалддаг, үйлдвэр цөөтэй зэрэг бэрхшээл байгаа нь судалгаанаас
харагдаж байна гэдгийг хэлж байлаа. Нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн
тээврийн автобусны тоо хэмжээг нэмэгдүүлж, байгалийн хийн түлшний хэрэглээг
дэмжих нь чухал болохыг онцлов.