Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өмнөх өдөр нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Аймаг, орон нутгийг зорьж буй иргэдийг коронавируст халдварын шинжилгээний хариу бичигтэй явж, тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг ТЦА-наас сануулж байна. Замын цагдаа нар тээврийн хэрэгсэлд зорчих хүний тоо болон ачаа тээврийн жин нормыг хэтрүүлэх, хүүхдийг урд талдаа суулгах зэрэг зөрчилд анхааран автомашины хурдыг хянан ажиллаж байна.
Тухайлбал, Дархан-Уул, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудын замд 50 км тутамд замын цагдаа нар хяналт тавин нэмэлт бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Аймгууд сар шинийн өдрүүдэд хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоогүй байна. Харин сум хооронд зорчиход малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хязгаарлалттай байна.
Бүх нийтийн амралтын өдрүүд үргэлжлэх тул нийслэлд сар шинийн 1, 2,3-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэлийн гол зам, замын уулзварууд болон автотээврийн товчоодод цагдаагийн алба хаагчид нэмэлт бүрэлдэхүүнээр ажиллаж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн газраас амралтын өдрийн хуваарийн дагуу үйлчлэхийн сацуу шинийн 1-2-нд Баянхошуу, Улаанхуаран, Дарь-Эх, 7 буудал, Нисэх, Баруун салаа, Нарангийн гол, Туул тосгон, Алтан-Овоо, Цагаандаваа, Тоосгоны үйлдвэр, ТЭЦ-3 зэрэг 28 чиглэлд 35 автобусыг хотын захын хороолол руу нэмж явуулахаар болжээ. Нийслэлд нийтдээ 745 автобус 07.30-22.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм.