ХААДС-гийн хүлээн авсан буудайн 71 хувь нь дөрөвдүгээр ангиллынх байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-05 07:19:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ц.Туваан гишүүнээр ахлуулсан ажлын баг энэ сарын 4-нд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажилтай танилцлаа.


Тус ажлын баг Хүнсний тухай хуулийн хүрээнд стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй юм.


Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын удирдамж, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, зөв зохион байгуулалттайгаар хуваарилах замаар үр тарианы үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Тус сан нь жил бүр тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс шатахуун, ургамал хамгааллын бодисууд, бордоо, үрийг буудай зэргийг 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр олгодог.


Мөн усалгааны тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, техник технологийн шинэчлэлтийг дэмжих зорилгоор ОХУ, БНХАУ, Беларусь Улсаас үр тарианы комбайн, трактор, үрлэгч, сийрүүлэгч, сэндлэгч, иш өргөгч, үр ариутгагч, хор цацагч, ангилангийн жатка, 100-500 тонн багтаамж бүхий ган силосууд тодорхой нөхцөлтэйгөөр хөнгөлөлттэй зээлээр олгодог байна. Түүнчлэн төмс, хүнсний ногоо, жимсний аж ахуй эрхлэгчдэд зориулан 1-3 га услалтын систем, хүлэмж, жимсний суулгац, хөргүүр, бага оврын хадлангийн трактор, төмс, хүнсний ногооны трактор, мотоблок зэргийг хөнгөлөлттэй зээлээр олгодог аж.


Хөдөө аж ахуйг дэмжих сан Улаанбаатар хотод бараа хадгалах 1224 шоо дөрвөлжин метр талбай бүхий 38 агуулах, нефтийн 6.9 мянган шоо дөрвөлжин метр агуулахтай бөгөөд Булган, Сэлэнгэ, Хөтөл, Хархорин, Угтаал, Дархан гэсэн нийт 188 мянган шоо дөрвөлжин метр буудай хүлээн авах хүчин чадал бүхий долоон салбартай. Эдгээр салбар үр тариа цэвэрлэх, хатаах замаар стандартад нийцүүлэх, буудайг технологийн шаардлага хангасан орчинд хадгалах, буудайн борлуулалтад дэмжлэг үзүүлэх, агуулахын түрээсийн үйлчилгээ үзүүлэх, дэмжлэгээр олгох бараа бүтээгдэхүүнийг хадгалах, түгээх зэрэг үйлчилгээ хүргэж байна. Одоогоор дотоодын 30 орчим аж ахуйн нэгж гурил үйлдвэрлэх зорилгоор тус сангаас хүнсний улаан буудай худалдан авч байгаа юм.


2021 оны намрын ургац хураалтаас нийт 62 699 тонн хүнсний буудай хүлээн авснаас хорчгор, хайрагдсан зэрэг шалтгаанаар 2934 тонн хорогдол гарчээ. Ингээд буудайн цэвэр жинг тооцвол 59 764 тонн болж байгаа. Гэхдээ энэ жилийн буудайн чанар төдийлөн хангалттай биш бөгөөд хүлээн авсан буудайн 71 хувь нь дөрөвдүгээр ангилал, 23 хувь нь гуравдугаар ангилал, 4 хувь нь хоёрдугаар ангилал, үлдсэн хувь нь нэгдүгээр ангиллын буудай байна. Намрын ургац хураалтаас хүнсний буудайг 707 төгрөгөөр тооцож худалдан авч байгаа. Үрийн буудайн хувьд 16 иргэн, аж ахуйн нэгжээс 12 732 тонн үржүүлгийн буудайг авч нөөцөлсөн. Хошуу будааны үр 82.2 тонн байгаа гэдгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирал О.Сумьяасүрэн танилцууллаа.


2021 онд 22.4 тэрбум төгрөгийн авлагыг буудайгаар, 17.7 тэрбум төгрөгийн авлагыг мөнгөөр авсан нь өмнөх жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. ОХУ-аас элит үр 7362.5 тонн, үржүүлгийн үр 2696.2 тонныг хүлээн авч үрийн шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлжээ.


Цаашид салбарын үйл ажиллагааг дэмжих хүрээнд одоо ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжүүд шинэчлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрөөс цогц бодлогоор дэмжих, тус санг бие даасан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэйг хэлж байлаа. Тухайлбал, салбаруудыг сангийн харьяанд бие даасан төсөвт байгууллага хэлбэрт шилжүүлж ажиллуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлаас үүдэн санд хүлээсэн алдагдлыг зохих эх үүсвэрээс шийдвэрлэхэд ажлын багийг дэмжихийг хүслээ.

Related news