Аялал жуулчлалын салбарын 2022-2024 оны зорилго, зорилтыг тодорхойлно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богино хугацаанд аялал жуулчлалын салбарыг сэргээхэд нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгаа, тус салбартай холбоотой стандартуудыг өөрчлөх, шинэчлэхэд саналаа нэгтгэх болон жуулчид хилээр нэвтрэх, түүнтэй холбоотой зохицуулалтын талаар санал солилцох уулзалтыг МҮХАҮТ-д зохион байгууллаа.
Уулзалтыг
нээж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлсэн үгэндээ, “УИХ-ын тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”, УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт болон
УИХ-д үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт
батлагдсан. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн бус экспортыг
дэмжих тусгай санхүүгийн тогтолцоо бий болно” гэдгийг онцолсон юм.
МҮХАҮТ-ын
дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд, “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө боловсруулах
ажлын баг SWOT шинжилгээг хийж
дууссан, салбарын 2022-2024 оны зорилго, зорилтуудыг тодорхойлох улмаар
стратегийн гол санал, санаачилгыг гаргахаар ажиллаж байна" гэлээ.
Монголыг зорин ирсэн жуулчдад хил гаалиар нэвтрэхэд хүндрэлгүй, ялгаварлан гадуурхалтгүй хандах хэрэгтэйгээс гадна боомтын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, е-виз олгохдоо жуулчдад төвөг, чирэгдэлгүй байхаар шинэчлэх шаардлагатайг оролцогчид хэлж байв. Мөн одоог хүртэл жуулчин авах боломж хязгаарлагдмал, яаж хэрхэн авчрах нь тодорхой бус байна.
Аялал
жуулчлалын салбарын бүх оролцогчийг зарим төрлийн татвар, төлбөрөөс чөлөөлөх
зэрэг санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Тухайлбал, ямар ч үйл ажиллагаа
явуулаагүй байхад үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулсныг хөнгөлж, чөлөөлбөл
олон аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болно гэв.
Аялал
жуулчлалын хуулиа өөрчлөх, нэг жуулчнаас олж буй орлого, өгөөжийг бодитоор
тооцоолох, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг боомилж буй зарим
хуулийг өөрчлөх (Ойн тухай болон Усны тухай хуулийн хэрэгжилтээс шалтгаалж олон
жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн), нийслэлд 74 зөвшөөрөл
шаардахгүй болсон жишгийг бусад аймаг, орон нутагт хэрэгжүүлэх зэрэг саналыг
хэлэв.
Мөн энэ үеэр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүй шалгалтыг цуцлахыг Ерөнхий сайд үүрэг болгосонтой холбоотой аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт төрийн хяналт, шалгалтыг бууруулах болон шинэчлэх, сайжруулах шаардлагатай хууль, дүрэм, стандартуудын талаар ярилцсан юм.
Түүнчлэн
хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг салбарынхан онцолж байна. Сүүлийн хоёр
хичээлийн жилд шинээр элсэгч байхгүйгээс аялал жуулчлалын менежмент болон
зочлох үйлчилгээний менежмент хөтөлбөрүүд хаагдахад хүрчээ. Энэ мэт тулгамдсан
олон асуудал байгааг нэгтгэн, санал дүгнэлт боловсруулж, Засгийн газарт
танилцуулахаар ажиллаж байна.
Уулзалтад
мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн 30 гаруй төлөөлөл оролцов.
Related news

