Монгол Улсад Энх тайвны корпус ажиллаж эхэлсний 30 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны сайн дурын ажилтнууд ирсний 30 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт өнөөдөр ГХЯ-нд болов.
Нээлтийн ёслолдд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Ким Мансарай, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож, үг хэллээ.
Өнөөг хүртэл Энх тайвны корпусын нийт 1429 сайн дурын ажилтан манай улсад ажилласан байна. Энх тайвны корпус нь боловсрол, эрүүл мэнд, орон нутагт түшиглэсэн хүүхэд, залуучуудын хөгжил, бизнес, байгаль орчин, төрийн бус байгууллагын хөгжил зэрэг салбарт богино болон урт хугацааны хөтөлбөр, тэр дундаа англи хэлний боловсролын хөтөлбөрийг олон жилийн турш тогтвортой хэрэгжүүлж, монголчуудын нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
“Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын 30 жилийн ой” сэдэвт нэг нэрийн марк дээр англи хэлний боловсролын хөтөлбөрийн сайн дурын ажилтан сурагч багачуудад хичээл зааж байгаагаар, ерөнхий боловсролын сургууль, монгол гэр, нутгийн удирдлагын ордон, Улаанбаатар хотын орчин үеийн барилга, байгууламжууд, Энх тайвны корпусын лого зэргийг дүрслэн харуулжээ.
“Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолын ажиллагаанд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав. Энэхүү маркийг “Монгол шуудан” ХК-иас худалдан авах боломжтой юм.
Related news


