Хоршоод нь гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг зуучлан борлуулсан бол НӨАТ төлөхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хоршооны
тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ онд багтаан батлаад байна. Хуульд хоршооны гишүүнийг тодотгож, хоршооны үйлчилгээ, гишүүдэд
төлөх төлбөр, хуваарилах ногдол орлогын талаар нарийн тодруулж өгчээ. Эдгээр нь
хоршоод үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, санхүүгийн тайлангаа гаргахад чухал
томьёоллууд болж буйг Монголын
хоршооллын Үндэсний
нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяа хэлж байна.
Тэрээр хуульд хоршооны зохион байгуулалт, дарга, хяналтын зөвлөл, бүх гишүүдийн хурлын шийдвэрлэх ёстой асуудал, эрх үүргийг илүү нарийвчлан тусгаж өгснийг онцолж байна. Өмнө нь хоршооны үйл ажиллагаанд доголдол гарахад гишүүд нь нөхөх хариуцлагатай байсан. Энэ нь гишүүдийн хоршоондоо итгэх итгэлийг бууруулж, үйл ажиллагаанд хайнга хандаж, өр төлбөрт оруулж болзошгүй учраас нөхөх хариуцлагыг хассан гэв. Гишүүн зөвхөн хоршоонд нийлүүлсэн хөрөнгөөрөө л нөхөх хариуцлага хүлээхээр оруулжээ.
Манай улсад 4468 хоршоо улсын бүртгэлд бүртгэлтэй байна. 2020 онд улс даяар явуулсан хоршооны хөгжлийн үнэлгээгээр 2229 хоршоо үнэлэгдсэн байдаг. Үлдсэн хоршоодын үйл ажиллагаа нь зогсонги, татан буулгахад бэлэн болжээ. Энэ нь тооны араас хөөцөлдөх биш төрийн бодлогоор чанартай хоршоог дэмжин явах шаардлагатай холбоотой аж. Энэ ч үүднээс үйл ажиллагаа нь доголдсон, зогсоод олон жил болсон хоршоог цэгцлэх бодлого барьж ажиллаж байна.
Хоршоо хариуцаж байгаа төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэсэн цоо шинээр бүлэг болгон оруулж ирсэн. Үүгээрээ
хоршоонд чиглэсэн төрийн захиргааны байгууллагуудын дэмжлэг нэмэгдэнэ. Мөн орон
нутгийн Засаг
дарга, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх гэж оруулж ирснээрээ аймаг,
сумын удирдлагууд орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг дэмжиж
ажиллахаар хуульчилсан гэв.
Хоршоодын холбоодын талаар заалт бүлэг орж ирснээр холбоод Монгол Улсад үйл
ажиллагаа явуулж байгаа бүх хоршоог эгнээндээ нэгтгэх үүрэгтэй болсон.
Ингэснээр хоршоодын мэдээллүүд илүү нэгтгэгдэж, илүү нарийн гарч ирнэ.
Хоршоодын нийгэм болон эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг тодорхой болох нь.
Хуулийг дагаад НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. ХАА-н
чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодын гишүүд НӨАТ-ын тухай хуулийн
14.1.2-д заасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд хоршоо нь зуучлан борлуулсан бол
НӨАТ төлөхгүй байхаар болсон.