"Залуус-1", "Солонго-2", "Ногоон нуур" хорооллын бүтээн байгуулалттай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-22 18:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан БХБЯ-ны үйл ажиллагаатай танилцах үеэр өнөөдөр “Залуус-1”, “Солонго-1, 2”, "1008" айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын явцыг сонслоо.

“Залуус-1” хороолол нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчимд 57 га талбайд 3000-5000 орчим өрхийг орлогод нийцсэн орон сууц байх юм. Төслийг ирэх оны III улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Харин "Солонго-1,2" орон сууцны хороолол нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд барихаар төлөвлөж байгаа бөгөөд 5000 айлын орон сууц барих юм. Барилгын ажлыг ирэх онд эхлүүлж 2025 он гэхэд бүрэн ашиглалтад орно.

“Ногоон нуур 1008 айлын орон сууцны хороолол” нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй бөгөөд барилгын явц 30 хувьтай хэрэгжиж байна.

Монгол Улсын Алсын хараа 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд барьж буй уг бүтээн байгуулалтыг төр хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. 

Орон сууцны хорооллуудад төрийн захиргааны байгууллага, олон нийтийн төв, сургууль, цэцэрлэг, хувийн хэвшлийн үйлчилгээ зэрэг 5200 ажлын байр, зам, талбай, ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгааг салбарын яамнаас мэдэгдлээ.




Орон сууцны м.кв-ын үнийг Улаанбаатар хотод борлуулж буй орон сууцны дундаж үнэнээс бага байхаар тооцоолжээ. Улмаар бага, дунд орлоготой иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэх бодлого баримтлан ажиллаж байгааг онцолж хэллээ. Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хувийн хэвшлийн оролцоог хангаж, дотоодын барилгын үйлдвэрлэлийг дэмжиж барилгын чанар стандартад онцгой анхаарч ажиллахыг Шадар сайд санууллаа.

Түрээслээд өмчлөх болон хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэдийг орон сууцжуулах бодлого хэрэгжүүлж, барилгын материалын үнийг хөөрөгдлийг тогтворжуулах боломж байгаа учраас шаардлагатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатарт даалгалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.




Related news