Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-06 08:01:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болоод хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүдийн асуусан асуултад хариулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ хуулиар газар чөлөөлөлт, түүний нөхөн олговор, авто зам, шугам сүлжээний зохицуулалтыг яаж хийв. Аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоог хэрхэн оруулсан, хуулийн төсөлд дүүрэг, хорооны үүрэг төдий л байхгүй, бүх зүйлийг нийслэлд төвлөрүүлсэн байна” хэмээн асуулаа.


Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Газартай холбоотой зохицуулалт хуулийн төсөлд бий. Хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар газрын зөвшөөрөл олгохгүй. Газар чөлөөлөлтөд мөнгө л гол асуудал” гэсэн бол НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Авто зам, шугам сүлжээтэй холбоотой асуудал Эрчим хүчний тухай хуулиар нэгдсэн системээр зохицуулагддаг учир хэсэгчилсэн байдлаар тусгасан. Аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын болоод дотоодын хөрөнгө босгож, тулгамдсан асуудлаа шийдэх бололцоо олгож байгаа. Дүүрэг, хорооны чиг үүрэгтэй холбоотой асуудлыг Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан” гэв.


УИХ-ын гишүүд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн чухлыг онцлоод, дэмжиж байгаагаа илэрхийлснийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах алба цахим хуудаснаа нийтэлжээ.


Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуралд оролцсон гишүүд 67.7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн аж.

Related news