Д.Ганбат: Цар тахлын хуулийг сунгахаас өмнө Засгийн газар тайлангаа танилцуулах хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн хурлын талаар мэдээлэхдээ, "Монгол Улсад сүүлийн 24 цагт 1811 коронавирусээр халдварлаж, 15 хүн нас барлаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хоёр жил хэрэгжиж байгаа ч Засгийн газар хариуцлагагүй ажилласан гэж бид дүгнэж байна. Хоёр Засгийн газар дамжин 15.1 их наяд төгрөгийг зарцуулсан боловч иргэд халдвараар нас барж байна. Гэтэл амьсгалын аппарат, уушги орлуулах аппарат ч дутмаг байна. Тиймээс Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа УИХ, ард түмэнд тайлагнасны дараа хуулийг сунгах эсэхийг хэлэлцэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Хуулийн төсөлд хилийн боомтуудыг хариуцсан бүтэц байгуулахаар тусгасан нь буруу. Энэ бол хүнд суртлын бүтцийг л нэмж байгаа хэлбэр юм. Гашуунсухайтын боомтоор 18 мянган машин тээвэр хийдэг. Үүнээс 6000-д нь зөвшөөрөл олгодог. Нэг машинд гурван сарын зөвшөөрлийг 900 мянган төгрөгөөр олгодог байсан бол өнөөдөр 1.5 сая болж өссөн байна. Тиймээс энэ хуульд маш хариуцлагатай байх ёстой" гэлээ.