ОНӨААТҮГ-ын менежментийг сайжруулахад анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэр (ОНӨААТҮ)-ийн 15 байгууллагаас ес нь үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай, зургаа нь хангалттай гэсэн үнэлгээ авчээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн
өмчийн ашиглалт, удирдлагын газрын удирдлагуудтай уулзаж, дээрх байгууллагын
менежментийг сайжруулах талаар ярилцлаа.
Тэрбээр “Цар тахлын улмаас ОНӨААТҮГ-ын төсвийн хүлээсэн үүрэг зарим байгууллагад биелэх боломжгүй, тасалдаж байгаа. Хөрөнгийн элэгдэл, валютын ханшийн зөрүү, зээлийн хүүгийн төлбөр нь алдагдлын ихэнх хувийг эзэлж байна. ОНӨААТҮГ-ууд үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах үүрэгтэй ч ашиг, орлогоо нэмж ажиллах хэрэгтэй. Нийслэлийн өмчийг ариг гамтай зарцуулах, худалдан авах ажиллагаанд анхаарч, тухайн байгууллагын засаглалыг сайжруулж, боловсон хүчнийг чадваржуулах хэрэгтэй”-г онцолжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааг хянаж, сайжруулах ажлын хэсэг гарган, хагас жил тутам ажлаа тайлагнах аж. Ингэснээр ОНӨААТҮГ-ын ашигт ажиллагааны түвшнийг нэмж, үргүй зардлыг багасгах, нөхцөл байдлыг өөрчлөх боломж бүрдэнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.
Related news

