Аюулт үзэгдэл, ослоос 1230 хүнийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-27 10:34:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний 4 сард 1485 болж, өмнөх оны мөн үеийнхээс 277 (15.7 хувь)-гоор багасжээ.


Обьектын түймэр 987 удаа гарч, өмнөх оны мөн үеийнхээс 394 (28.5 хувь)-өөр цөөрсөн байна. Улсын хэмжээнд 2021 оны эхний 4 сард боом өвчний 1, мал, амьтны халдварт галзуу өвчний 10, коронавируст халдварын 23 189 тохиолдол бүртгэгдсэн байна.


Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ оны эхний 4 сард 205 хүн амь насаа алдаж, 23 232 хүн түлэгдэж, бэртэж, хордлоо. Амь насаа алдсан шалтгааныг нь авч үзэхэд бичил уурхай, нурангийн улмаас 3, усны ослоор 8, хүчтэй салхи, шуурганы улмаас 11, обьектын түймрийн улмаас 28, коронавируст халдварын улмаас 127, бусад золгүй явдлаар 28 хүн амь насаа алджээ.


Аюулт үзэгдэл, ослын улмаас дээрх хугацаанд 309 гэр, байшин, орон сууц шатсан нь өмнөх оны мөн үеийнхээс 353 (53.3 хувь)-аар багассан аж. Мөн шалтгааны улмаас оны эхний 4 сард 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 517.7 сая төгрөг зарцуулсан байна. 


Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр аюулт үзэгдэл, ослоос энэ оны эхний улиралд 1230 хүнийг аварч, 32.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ. 

Related news