Монгол-Японы бизнес форум боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Invest in Mongolia - Tokyo 2021” Монгол-Японы бизнес форум өчигдөр цахимаар боллоо.
Үндэсний хөгжлийн газар нь Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллага /JETRO/, Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC), "Ирбис Венчурс" компанитай хамтран форумыг зохион байгуулжээ.
Цахим форум нь уул уурхайн бус бусад тэргүүлэх салбараас төсөл сонгон шалгаруулж,
нэг сарын турш чадавхжуулан сурталчилсан, хувийн хэвшлийн оролцоог хангаж, өнгөрсөн 30 жилийн хөрөнгө
оруулалтын ололт, бэрхшээлийг үүрсэн хоёр орны бизнесүүдийг сонгон хэлэлцүүлсэн, Японоос бодит хөрөнгө оруулалт татсан туршлага хуваалцсан, хөрөнгө оруулалтын орчны
бэрхшээлийг хэлэлцэж, сайжруулах
төлөвлөгөөг Үндэсний хөгжлийн газар танилцуулсан зэргээрээ онцлог аж.
Тухайлбал, томоохон хөрөнгө оруулагч “Мобиком” корпорацын Ерөнхий захирал Тацуяа Хамада Монголд хэрхэн хөрөнгө оруулсан туршлага, Японы “Марубени” корпорацаас 10.3 сая ам долларын хөрөнгө оруулсан, технологийн дэвшилтэт шийдэл Fintech-ээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Анд глобал” компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ хөрөнгө оруулалт татсан түүхээс, Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станцыг бүтээн байгуулсан “Ньюком” Группын ТУЗ-ийн гишүүн Э.Орчлон япончуудын хамгийн их сонирхол татаж буй Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүй, боломжийн талаар хэлэлцлээ.
Хонины арьсаар “MONY RUGBY” бөмбөг үйлдвэрлэж, Монгол малын арьсыг дэлхийд таниулж, аж үйлдвэрт нэмэр болох зорилготой “Ямагүчи Сангёо” ХХК, монгол чацарганыг Японы зах зээлд танилцуулахаар чацарганын түүхий эд ашигласан “Made in Japan” гоо сайхан, эрүүл мэндийн “Гуа Марал” брэндийг үүсгэсэн Японы “Такаражима Жапан” ХХК, мөн “Сумитомо” Корпорацын амжилтын түүхээс хуваалцжээ.
Энэ үеэр Start up World cup тэмцээнээс Монголоос оролцохоор шалгарсан, дуу яриаг бичвэрт, бичвэрийг дуу ярианд хөрвүүлэгч Chimege Systems, ХАА, Аквапоник тариалалт, загас үржүүлгийн аж ахуй эрхлэгч “Little River”, нарны хавтан, салхин сэнс бүхий сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан үүсгүүрийн хосолмол систем болж чадсан явуулын бичил “цахилгаан станц”, “Nomadic Powerbox”, дижитал эмнэлэг – Clinica төсөл, Хараа заслын лазик төв байгуулах “Solongo Kharaa”, хөдөө аж ахуй, газар тариалан, гоёлын цэцэг тариалалтын “Urban Lily”, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “sustainable fashion –Zoson”, сүү сүүн бүтээгдэхүүн бяслаг үйлдвэрлэгч, Монголын бяслагийн Японы зах зээлд гаргах сонирхолтой “Mongolian Artisan Cheesemakers Union” (MACU) компанийн төслийн танилцуулгууд Японы хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байлаа.
Монгол Японы бизнес форумд Японы 340, Монголын 50 гээд нийт 400 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн нь хэдий цар тахлын үе ч гэсэн хоёр талын сонирхол их байгааг илэрхийлж байв.
Японы банк санхүү, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, бусад үйлдвэрлэлийн салбарууд, тээвэр, худалдаа, боловсрол зэрэг салбарын төлөөлөл оролцлоо. Тухайлбал, Sumitomo bank, Marubeni, Mitsui Bussan, Sojits, Nissan, Nikki global, Itochu, Sysmex corporation, MUFG, Mobicom, KDDI, Mitsubishi, Tokyo Electric tower зэрэг томоохон корпораци, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцсон нь Японы бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид Монголыг шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын талбар хэмээн үзэж буйг илтгэж байна хэмээн зохион байгуулагчид нь мэдээлэв.
Форумын хөтөлбөр, панелист, илтгэгчдийн мэдээлэл, төслийн товч танилцуулга, "Invest in Mongolia" хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зориулсан сар тутмын цахим сэтгүүлийг монгол, япон, англи хэлээр ҮХГ-ын www.japan.investmongolia.gov.mn–ээс үзэх боломжтой.
Хөрөнгө оруулалтын цахим буухиа 6 дугаар сард болох Сөүл-2021 форумаар үргэлжлэх аж.