Монгол Улсын Ерөнхийлөгчид 4 хүн нэр дэвшээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2021-05-02 23:13:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Их Хурал /УИХ/-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээс намын гишүүдийнхээ олонхын санал авсан Монгол улсын иргэн 4 хүнийг тодруулаад байна.


УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах ажиллагаа баасан гарагт буюу 2021 оны 4 дүгээр сарын 30-нд эхэлж, тавдугаар сарын 2-ны 00.00 цагт нэр дэвшигчээ эцсийн байдлаар тодруулж дуусах юм.


Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг тавдугаар сарын 5-ны дотор хүргүүлэх хуулийн заалттай.


Энэ өдөр улс төрийн намуудаас хэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд байгааг танилцуулж байна.


МАН-ын Удирдах Зөвлөл болон Бага хурал өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр дэмжлээ.




Хоёр удирдлагатай болоод буй Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хоёр хүнийг тодруулсан ч хэн нь албан ёсны нэр дэвшигч гэдэг нь тодорхойгүй байна.


О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санал асуулгад намын гишүүдийн олонхын санал авч нэр дэвшихээр болсон.


Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг мөрийн хөтөлбөр болон дагалдах бусад материалыг Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөв. Нэр дэвшигчийн материалыг Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөхөд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, АН-ын ХЭГ-ын дарга Д.Бадарсан нарын албаны хүмүүс байлцжээ.




Харин М.Тулгат тэргүүтэй Ардчилсан нам цахим сонгууль явуулж УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга асан С.Эрдэнэ нэр дэвшихээр олонхын санал авсан. Цахим санал хураалтад намын гишүүд 53.07 хувийн ирцтэй оролцож, С.Эрдэнэ 1953.05 оноогоор тэргүүлсэн байна. Тэрбээр өнөөдөр мөрийн хөтөлбөр болон дагалдах бусад материалыг Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгсөн байна.



"Зөв ХҮН электорат" эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өнөөдөр эцэслэн тодрууллаа.


Тус хурлаар Дангаасүрэнгийн Энхбатыг тус эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо гэдгийг ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэв.  Өнөө орой 18.00 цагаас эхэлсэн Удирдах зөвлөлийн хурлаар нууц санал хураалт явуулахад Д.Энхбат 66.7 хувийн саналаар тэргүүлсэн байна. 


Тус эвслээс 5 хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан юм. Тухайлбал, Датакомын гэдгээр олны танил болсон Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарт хүсэлт тавьсан бөгөөд Д.Энхбат, Б.Батбаяр, Б.Болдсайхан нар саналыг хүлээн аваад байсан юм.


Одоогоор ийнхүү Н.Алтанхуяг, С.Эрдэнэ /АН/, У.Хүрэлсүх /МАН/, Д.Энхбат /"Зөв ХҮН электорат" эвсэл/ нарын 4 хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшээд байна.  

Related news