“Ковид-19”-ийн вакцин тээвэрлэсэн автомашинууд 21 аймаг руу хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-02 13:15:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг хөдөө, орон нутагт эхлүүлэхээр вакцин тээвэрлэсэн авто машины эхний цуваа өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс хөдөллөө.


Монгол Улсын 21 аймаг руу вакцин түгээх үйл ажиллагаанд Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцлоо.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Засгийн газрын эн тэргүүн зорилго иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна. Одоогоор зорилтот бүлгийнхээ 43 хувийг вакцинжуулаад байгаа. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой болж байна. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана.



Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж байна. Бид 6 дугаар сарын 1 гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал 7 дугаар сарын 1 гэхэд 2 дахь тунг хийх боломжтой болно. Төлөвлөж буйгаар хоёр дахь тунг 7 дугаар сарын 1-нд орон даяар хийсэн байвал Азийн дөрөв дэх давлагааг сөрөх боломжтой. Улмаар тохиолдлын тоог бууруулж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадна. Вакциныг нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана" гэлээ.





Related news