Монгол, Ираны эрт эдүгээгийн харилцаа, хамтын ажиллагаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-06-03 15:01:35

Монгол Улс, Иран Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Ираны эрт эдүгээгийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээх ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын ГХЯ, Лалын Бүгд Найрамдах Иран улсын Гадаад хэргийн Олон улсын судалгаа боловсролын төв /ОУСБТ/-өөс хамтран зохион байгуулсан юм. Мөн ЛБНИУ-ын ГХЯ-ны Дипломат баримт бичиг, түүхийн газар, Монгол Улсын Архивын ерөнхий газар, Үндэсний музей, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн хамтран ажиллажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Лалын Бүгд Найрамдах Иран улсын Гадаад хэргийн дэд сайд И. Рахимпур, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй хоёр улсын төлөөлөгч, зочид, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнгээр хоёр улсын хооронд болж байсан төрийн дээд хэмжээний айлчлалын түүхэн гэрэл зургууд, хоёр орны газар нутгаас олдсон түүхэн чухал олдворуудыг дэлгэн үзүүлжээ. Онцлон дурдвал, Ил хаан Гайхатугийн гаргасан анхны зарлиг, Ил хаант улсад бүтээсэн “Судрын чуулган”-ы монгол болон гадаад хэл дээрх орчуулгын ном бүтээл, Ил хаадын хөрөг зургууд байгаа юм. Монгол, Иран улс нь 700 гаруй жилийн өмнөөс харилцаатай байж, нүүдлийн болон суурин соёл иргэншлийн ололтоо харилцан солилцож, 13-14 дүгээр зууны үед соёл урлаг, уран барилга, шашин, шинжлэх ухааны салбарт үлэмж хөгжсөн Ил хаадын улсыг үүсгэн байгуулж, дэлхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг түүхийг бүтээсэн юм.

Өнгөрсөн жил “Ил хаант улсын Везирийн тогтолцоо” /Везир гэдэг нь өнөөгийн Шадар сайд юм/ сэдвээр докторын зэрэг хамгаалсан залуу эрдэмтэн, доктор Д.Анхбаяр уг үзэсгэлэнгийн үзмэрүүдийг зочдод тайлбарласан юм. Тэрбээр, “Лалын Бүгд Найрамдах Иран улсын Үндэсний түүхийн архивт хадгалагдаж байгаа 1313 оны Ил хаан Гайхатугийн гаргасан анхны зарлиг” болон 1304 онд Ардебил мужийн Мандешин тосгоны хөрөнгийг баталгаажуулсан Монголын Ил хаан Өлзийтийн /1304-1316 онд хаан  төрийг барьж байсан/ зарлиг зэргийн хуулбарыг энэ музейд дэлгэн үзүүлж байгааг онцолсон юм. Д.Анхбаяр Өлзийт хааны зарлигийг баталгаажуулж Амир/цэргийн ноён/ Котлаг шах Амир Чобан, Судрын чуулганыг Монголоос очиж бичилцсэн Болд Чинсан нарын гарын үсэг зурсан байгааг” зочдод тайлбарлаж байв.

  

Умард Монголын Ноён уулын булшнаас 1924-1925 он ба 2006-2009 онд Орос, Монголын археологийн экспедицийн малтан илрүүлсэн хэд хэдэн нэхмэл аравч, хивснүүд нь Дундад Азийн өмнөх хэсэг, нарийвчлан хэлбэл Кушаны соёлд холбогдох юм. Эдгээр зургийг ч уг үзэсгэлэнд тавьжээ. Мөн тус үзэсгэлэнд дэлгэж үзүүлсэн материалуудыг эмхэтгэсэн товхимол ном гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Лалын Бүгд Найрамдах Иран улсад айлчилсаны үр дүнд хоёр улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид хамтран ажиллах өргөн боломж нээгдсэн. Монгол, Ираны шинжлэх ухааны хамтын ажиллагааны түүхт гэрээг 1997 онд баталгаажуулж, 2003, 2012, 2013, 2015 онд хамтын ажиллагааны хүрээнд Ил хаадын улсын түүхийг хамтран судлахаар шийдвэрлэсэн.

Мөн 2013 онд ШУА, Ираны ГХЯ-ны ОУСБТ-ийн хоорондын Шинжлэх ухаан болон судалгааны салбарт хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

2015 оны 6 дугаар сард Ираны ШУ-ы байгууллагатай ШУА-ийн эрдэмтдийн баг тус улсад хамтран ажилласан бол 10 дугаар сард нь Ираны ОУСБТ-ийн захирал болон эрдэмтэд Монголд зочилж, Олон улсын “Гэрэгэ” эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулсан юм. Энэ үеэр хоёр орны ШУБ-уудын хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүнг хамтарсан Ажлын хэсгийн гишүүдээр хэлэлцүүлж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж тохиролцжээ.  

Д.Өлзий

Related news