Баруун Виржиниад Берни Сандерс, Дональд Трамп нар яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-11 12:02:57

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Берни Сандерс Баруун Виржиниа муж улсад болсон сунгаанд ялсан байна.

Вермонт муж улсын сонгогдсон Сенатын гишүүн тэрбээр нийт авсан саналынхаа тоогоор Хиллари Клинтоноос хоцорч байгаа боловч энэ удаагийн ялалт нь түүнд багагүй итгэл найдвар төрүүллээ.

Харин Баруун Виржиниа болон Небраска муж улсуудад болсон Бүгд найрамдах намын /БНН/ нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Дональд Трамп ялсан байна. Түүний өрсөлдөгчид нь өнгөрсөн долоо хоногт сунгаанаас гарсан боловч тэдний нэрс саналын хуудсанд бичигдсэн хэвээр байна.

Дональд Трамп ялалт байгуулсаар байгаа хэдий ч тэрбээр БНН-ынхныг өөртөө татах хүндхэн сорилттой тулгарчээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга бөгөөд БНН-ын хамгийн өндөр албан тушаалтан болох Пол Райан хэлэхдээ "Дональд Трамп консерватив зарчмыг баримталдаггүй учраас би түүнийг дэмжихгүй" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Related news