Хөл хорионы үеэр байгууллагууд дотоод зохион байгуулалтаар ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт энэ пүрэв гарагт буюу энэ сарын 7-нд бүх хөдөлгөөнийг хязгаарлаж хөл хорио тогтооно. Энэ нь "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд ажиллах дадлага сургууль хийхтэй холбогдуулан авч буй арга хэмжээ юм.
Энэ талаар дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэхдээ, дадлага сургуулилтын хүрээнд хөл хорио тогтоосноор онцгой байдлын нөхцөл байдлын үеэрх үйл ажиллагаа, гарах эрсдэлийг тооцох, хүн хүчний нөөц бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг онцолж байв.
Хяналт зохицуулалтад онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан алба хаагч, машин техник, мөн зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, техник ажиллах учир иргэд нөхцөл байдалд цочирдолгүй, сэтгэлзүйн хувьд бэлэн, хүлээцтэй, тайван хандан гэртээ болон зөвхөн албан байгууллага дээр өдрийг өнгөрөөхийг хүсэж байна гэлээ. Энэ нь тухайн үйл ажиллагаанд оролцож буй иргэн хүний үүрэг оролцоо байх юм гэдгийг онцоллоо.
-Байгууллага, албан газрууд яаж ажиллах вэ?
НОБГ-ын дэд дарга, "COVID-19"-ийн халдвар цар тахлын үеийн бэлэн байдлын дадлага сургуулилтын удирдагч Э.Эрдэнбаатар: -Иргэд өглөөний 08.00 цагаас өмнө ажил дээр ирж, орой 18.00 цаг хүртэл ажлаасаа гарахгүйгээр ажиллана. Цахимаар гэрээсээ ажиллах, хагас бүрэлдэхүүнтэй ажиллах зэргийг тухайн байгууллага дотроо дотооддоо өөрсдөө зохион байгуулна. Нэг өдрийн буюу 10-хан цагийн хөл хорио учир хоол хүнс нөөцлөх шаардлага гарахгүй, тухайн өдрийн хоол ундаа урьдчилан бэлтэхэд л болно.
-Дэлгүүр, үйлчилгээний газрууд, нийтийн тээвэр хэрхэн ажиллах вэ?
-Тогтоосон цагт дүүргийн бүх дэлгүүр, үйлчилгээний газар ажиллахгүй, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй. Энэ бүхнийг нийслэл, дүүргийн онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн 2000 гаруй ажилтан, алба хаагч хянаж мөн 700 хүн ажиллана.
Энэ үеэр дүүргийн нутагт дэвсгэрт онцгой байдал, эмнэлгийн автомашинаас бусад тээврийн болон үйлчилгээний ямар ч машин тэрэг явахгүй, нийтийн болон үйлчилгээний тээвэр хөдөлгөөнд оролцохгүй. Автобуснууд дүүргийн бүсийн заагийн гадуур зорчиж хөдөлгөөнд оролцоно.
Энэ өдөр дүүрэгт 9 хяналтын цэг буюу пост, 7 орц гарц ажиллаж, түүгээр зөвхөн онцгой зөвшөөрлийн дагуу нэвтэрнэ.
-Дүүргийн нутаг дэвсгэрийг хаагуур заагладаг бэ?
Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн: -Нийслэлийн төвд Энхтайваны гүүрээс хойш, 7 буудал, зуслангийн чиглэлд Шарга морьтын эцэс, зүүн тийш Гэсэр сүмээс дээшээ явж, Баянхошууны Хөтөл, баруун тийш Дамбадаржаа, Сэлбэ ордог. Энэ бүс нутагт 7-ны өдөр бүрэн хөл хорионд хамрагдаж орно гэв.
Тогтоосон хориог ямар нэг байдлаар ойлгоогүй, хүлээн аваагүй, зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөг, байгууллага, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгож хариуцлага хүлээлгэнэ. Энэ бол онцгой байдлын үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм хэмээн тодотголоо.
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг нь 19 хороотой, 63.9 км үргэлжлэх газар нутагтай, 150 мянган оршин суугчтай бөгөөд онцгой байдлын дадлага сургуулилтын хөл хорионд бүх иргэн, албан байгууллага, ААН хамрагдах юм. Тухайн өдрийн нөхцөл байдал авч буй үйл ажиллагааны талаар нийслэлээс 12.00 болон 16.00 цагт, хоёр удаа мэдээлэх аж.
Зайлшгүй шаардлага гарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хөдөлгөөнд оролцох хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн хувьд Яаралтай тусламжийн 101,102,103 болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын 7000-7105 дугаарт хандаж болно гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал