Урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийсний үр дүнд гэмт хэргийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-04 11:24:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ирж буй 2019 оноо угтсан шинэ жилийн баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас гэмт хэргийн гаралт, хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж ирсний үр дүнд ийн иргэдийн архины зохисгүй хэрэглээ, согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо юм. Мөн иргэдийн ухамсар дээшилж, баяр ёслолыг зөв тэмдэглэн өнгөрүүлдэг болсон ч холбоотой ажээ.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн 2018 оны 12-р сарын 29-нөөс 2019 оны 1-р сарын 2-ны өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажилласан байна. Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх ажлуудаас гадна аймгийн төв Сүхбаатар сумын хүнсний зах гэгдэх “Гурван мэргэд” захын гадна талд зохих зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан дөрвөн иргэнийг албадан буулгажээ. Мөн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, чирэгдэл учруулан мөнгө нэхсэн архаг 10 иргэнийг зохих журмын дагуу шийдвэрлэж, гурван иргэнийг албадан эрүүлжүүлж, 20 иргэнийг асран хамгаалах ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй 18 иргэнээс хүчирхийлэл үйлдэхгүй байх баталгаа гаргуулж, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн гэнэ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, хошууч Л.Мөнгөнхундага “Шинэ жил нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн нийт алба хаагчдыг хуваарьт томилгоонд ажиллуулж, хэлтэс, тасгийн дарга нарын зүгээс хяналт тавьж ажиллалаа. Тухайлбал эмзэг цэг болох олон хүн цугларсан газар, авто хөдөлгөөн ихтэй газруудад тодорхой цагуудад хэсэгчилсэн байдлаар тодорхой ажил зохион байгуулсан нь үр дүнгээ өглөө. Энэ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах хугацаанд Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн бүрэлдэхүүнд нийт 34 гэмт хэргийн шинжтэй мэдээлэл ирсэн. Үүний хоёр нь гэмт хэргийн, үлдсэн 32 нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байлаа. Ингэж өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажилласнаар гэмт хэрэг зөрчлийн гаралт харьцангуй бага гарсан. Тухайлбал хоёр гэмт хэрэг гарсны нэг нь осгож амь насаа алдсан, нөгөө нь зам тээврийн осол байсан бөгөөд одоогоор хяналт шалгалт хийж байна. Мөн энэ хугацаанд зам талбайд буюу гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэсэн, биеэ авч явах чадваргүй болсон 33 иргэдийг эрүүлжүүлж, эмчийн хяналтанд байлгалаа” хэмээн ярилаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Сэлэнгэ аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгаас нийт 196 зөрчил илрүүлэн ажилласан байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гурван зөрчлийг тус тус илрүүлсэн аж. Энэ хугацаанд хүүхэд тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн зөрчил нэг гарсан байна.

 

Related news