Гучин-Ус сумынхан тэмээн сүргээ омог болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 16:05:55

Тэмээнийхээ тоогоор Өвөрхангай аймагтаа тэргүүлсэн Гучин-Ус сумынхан тэмээн сүргээ омог болгох зорилгоор гурван жил судалгаа хийсэн байна.

Тус сумын нутаг, Их монгол, Бага монгол, Арц богд уулын бэл хөндийг “Монголын хоолой” хэмээн нэрлэдэг бөгөөд энд заг, түнгэ, дэрс, бударгана, харгана гээд тэмээний гол идэш тэжээл болох бутлаг ургамлаар баян юм.

Тиймээс энэхүү орчмын тэмээд шинж чанар, үүлдрийн хувьд бусад аймаг, сумдын тэмээнээс хавьгүй илүү байдаг учаас сумынхан болон аймгийн ХХААГ-аас Гучин-Усын тэмээн сүргийг омог болгох хүсэлтээ салбар яамандаа илгээгээд байна. Хэрэв “Монголын хоолой”-н тэмээ албан ёсны үүлдэр болон батлагдвал тус тэмээний төрөлхөг чанар, ноосны гарц, түүхий эд зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэг нэршлээр хэвшүүлэх аж.

Дашрамд дурдахад МҮОНР-оос зохион байгуулдаг “Алтан төлийн эзэн” шагналын “Атан ботгоны эзэн”-ээр сүүлийн хоёр жилд “Монголын хоолой”-д нутагтай малчид тодорсон байна. Тус суманд 70-аас дээш толгой тэмээтэй 15 малчин өрх байгаа юм.

Өвөрхангай аймаг Б.Батчимэг  

Related news