Өмнөд Солонгос цагаан сарын өмнө 5.25 триллион вон эргэлтэд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-05 12:30:09

СӨҮЛ. /Yonhap/. Билгийн тооллын шинэ оны баяр болох гэж байгаатай холбоотойгоор бэлэн мөнгөний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд 5.25 триллион воныг /4,2 тэрбум доллар/ банкууд болон санхүүгийн бусад байгууллага руу хуваарилж, эргэлтэд орууллаа гэж Өмнөд Солонгосын Төв банк мэдэгдэв.

Өнгөрсөн жилийн билгийн тооллын шинэ оны баярын үеэр Өмнөд Солонгос 5.22 триллион вон эргэлтэд оруулж байжээ.

Бэлэг өгөх, өвөг дээдсээ дурсан хүндэтгэх ёслол, гэр бүлээрээ баярлах гээд энэ баярын өмнө бэлэн мөнгөний эрэлт эрс нэмэгддэг байна.

Өвөг дээдсээ хүндэтгэн засдаг ширээний хүнсний зардал нь дарамт учруулдаг гэдэг утгаараа олны анхаарлыг ихэд татдаг.

Мөн багачууддаа хамгийн сайн сайхныг хүсч шинэ мөнгөн дэвсгэрт өгч, гарыг нь цайлгах эртний уламжлалт ёс Өмнөд Солонгост байдаг. Үүнтэй холбоотойгоор бэлэн мөнгөний эрэлт эрс нэмэгддэг байна.

Д.Нямтулга

 

Related news