Украины зүүн нутгийн мөргөлдөөнд 9000 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-10 09:33:55

ЖЕНЕВ. /TASS/. Украины зүүн нутаг дахь мөргөлдөөний улмаас 9000 гаруй цэрэг, энгийн иргэн амиа алдаж, 20 мянга гаруй хүн шархадсан байна гэж тус улсын хүний эрх, эрх чөлөөний тухай 12 дахь тайландаа НҮБ дурджээ.

“Украины зүүн нутаг дахь мөргөлдөөний улмаас 9000 гаруй хүн амиа алдсан боловч сүүлийн хэдэн сард тус бүс нутгийн тодорхой хэсгээр мөргөлдөөний эрч харьцангуй буурсан. Гэсэн хэдий ч, Украины зүүн нутагт ял шийтгэх, эрүүдэн шүүх, хууль дээдлэх ёс байхгүй, дайны хөлд нэрвэгдсэн хэсэгт амьдарч байгаа болон орон гэргүй болсон иргэдийн хүмүүнлэгийн байдал хүнд байгаа зэрэг хүний эрхийг хөндсөн ноцтой асуудлууд байсаар байна” гэж тайланд бичсэн байна.

Урьд нь байгуулсан гал зогсоох гэрээний хүрээнд наймдугаар сарын 26-нд дахин гал зогсоох дэглэм тогтоож, Украины арми болон зэвсэгт бүлэглэлүүд хүнд зэвсгээ буцаан татсаны ачаар мөргөлдөөн харьцангуй буурсан гэж НҮБ-ын Украин дахь хүний эрхийн ажиглалтын газар 12 дахь тайландаа дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ