Хархорум хотыг байгуулах Чингис хааны зарлиг бүхий хөшөөний хэлтэрхий олджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-10 13:01:16
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 22 жилийн хугацаанд илрүүлэн судалсан эртний бичгийн дурсгалуудыг анх удаа Монголын Үндэсний музейд өнөөдөр дэлгэв.
Дээрх төсөл нь 1996 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол, Перс, Араб, Нанхиад зэрэг 12 хэлээр бичсэн 30 гаруй хөшөө, хөшөөний хэсэг, барилгын нурууны бичгийг Монголын нутгаас илрүүлжээ. 
Үүнд Чингис хаан Хархорум хотыг байгуулах тухай 1220 онд гаргасан зарлигийг тэмдэглэсэн хөшөөний хугархай нь онцгой олдвор байв.
“Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэн”-гээс санаачилсан төсөлд Япон улсын нэр хүндтэй их, дээд  сургуулийн профессорууд оролцсон.
Цаашид эдгээр олдворууд нь Монголын түүхийг гүнзгийрүүлэн судлах эрдэмтэн судлаачдын гол эх хэрэглэгдэхүүн болно хэмээн үнэлэгдэж байна.
Төслийн зохицуулагч А.Очир, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Т.Даваасүрэн, төслийн судлаач профессор Ирисова Такаши, профессор Мацуда Койчи,  Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц нар үзэсгэлэнг нээж тууз хайчлав.
 
Төслийн судлаач профессор Ирисова Такаши,“Говь-Алтай аймгийн Шарга сумын Хадан ширгийн балгаснаас олдсон шавар хөл, хувцасны хормойн хэлбэрийг судлахад Бурхан багшийнх гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа. Үүнээс үзэхэд тус балгас Монголын тал нутагт нэвтрэх торгоны замын дамжлага баазын үүргийг гүйцэтгэж байсан магадлал өндөр учир цаашдын судалгааны ажилдаа ихээхэн найдвар тавьж байгаа. Үзэсгэлэн буумагц энэ олдворыг Говь-Алтай аймгийн түүхийн музейд дурсгана" гэв. 

Төслийн зохицуулагч А.Очир, “Булган аймгийн Дашинчилэн сумын Харбух балгаснаас 100 гаруй хуудас үйсэн ном олж, Япон Улсад сэргээн засварлан өдгөө уншиж тайлан, тайлбар удиртгалын хамт хэвлүүлэх гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог бол тал нутгийн арвин баялаг дурсгалын нэгээхэн хэсгийг 22 жилийн хугацаанд судалсан судлаачдын маань үр дүн. Энэ судалгааны ажлыг залуу судлаач археологчдод түүчээлэн өвлүүлэх, монголын түүхийн талаарх судалгааны чухал эх сурвалж болно хэмээн итгэж байна” гэв.
Төслийн баг Монголын баруун аймгуудад удаа дараа хайгуул хийсний үр дүнд дэлхийн эрдэмтдийн 100 гаруй жилийн өмнөөс хайж байсан Чингис хааны 1212 онд үүсгэн байгуулсан Чинлай балгасын туурийг олжээ.
Мөн урьд нь хаанаас ч олдоогүй хятаны их бичиг, тусдаа бие даасан гэрэлт хөшөө зэрэг олдвор нь одоог хүртэл тайлж уншиж чадаагүй хятан бичгийн унших түлхүүрийг олох шинэ эх сурвалж болсон хэмээн судлаачид онцлолж байв.

Монгол Улсын нутагт буй янз бүрийн хэлээр хаданд, хөшөөнд сийлсэн бичээсүүдийн хуулга, дардас, гэрэл зургийн хаана ч байхгүй баялаг цуглуулгыг бүрдүүлсэн тус үзэсгэлэн энэ сарын 14-н хүртэл нээлттэй юм.

“Бичээс” төслийн баг Монгол Улсад хийсэн судалгааныхаа үр дүнгээр өдгөө 6 ном нийтлүүлсэн бөгөөд дэлхийн хамгийн эртнийх байж болох хаданд сийлсэн бичээсийг Дундговь аймгийн Хүрэн хайрхан уулнаас илрүүлэн судалж байгаагаа ч хэллээ.
С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ