Их эрдэмтэн Ш.Нацагдоржийн бүтээлээр 10 боть ном хэвлэн гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-06 12:57:56
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич, зохиолч Шагдаржавын Нацагдоржийн 100 жилийн ойн хүрээнд  БСШУСЯ, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр МУИС-д  “Евро Азийн нүүдэлчид, нийгэм, соёл, түүх” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. 
Энэхүү хуралд Монгол, ОХУ, Япон, БНХАУ-ын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 50 гаруй судлаач оролцож түүний намтар, туурвилын талаар илтгэл хэлэлцүүлж байна. 



ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, "20 дугаар зууны Монголын нэрт эрдэмтэн, түүхчдийн эцэг, багш хэмээгдсэн Ш.Нацагдорж нь гурван үеийн сэхээтэн гаралтай их бичгийн хүн байсан. Монголын түүх судлалыг олон улсын түвшинд гаргах үйлст насаараа хүчин зүтгэсэн их эрдэмтэн. Монголын түүхийн талаар бичсэн бүтээлүүд нь эх орондоо төдийгүй дэлхий дахинд үнэлэгдэн үе, үеийн түүхчдийн ширээний ном болсон. Түүний бүтээлүүд нь орос, герман, англи, хятад, франц, япон хэлээр хэвлэгдсэн байдаг. 1963 онд туурвисан “Халхын түүх” зохиолыг өнөөдөр дэлхийн хэмжээнд давж гарсан бүтээл байхгүй хэмээн эрдэмтэн судлаачид үздэг. Тэрбээр 22 настайдаа Д.Сүхбаатарын намтрыг бичиж, улмаар 1988 онд “Мандухай сэцэн хатан” киногоор тус тус төрийн шагнал хүртсэн юм. “Ононгийн цалгиа”, “Болор тол”, “Чингис хааны цадиг”, “Хубилай сэцэн хаан” зэрэг  200 гаруй бүтээл туурвил нь  түүний эрдэм, оюун чадлыг илтгэж байдаг билээ.
Хурлын үеэр Монголын түүх судлалыг хөгжүүлж, дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулсан судлаачид хоёр жил тутамд олгодог Ш.Нацагдоржийн нэрэмжит шагналыг түүний шавь доктор профессор С.Цолмон, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Болдбаатар нар хүртэв.


ШУА-ийн Түүх архелогийн хүрээлэнгээс их эрдэмтний  эрдэм шинжилгээний ажлыг эмхэтгэн 10 боть ном хэвлэн гаргаснаа олны хүртээл болгов.
Охин, Түүхийн ухааны доктор профессор Н.Ариунгуа, “Миний аавыг хүндэтгэн ойг нь тэмдэглэхэд дэмжлэг үзүүлсэн БСШУСЯ-нд гүнээ талархаж байна. Судлаач хүнийхээ хувьд аавынхаа 10 боть бүтээлийн эмхтгэлийн ажилд гар бие оролцсондоо баяртай байна” гэв.
 
С.Мөнхбаатар
 
Холбоотой мэдээ