Төрөлх сумынхаа эмнэлэгт “Hyundai Starix” машин бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-08-29 11:04:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Богд сумын хүндэт иргэн Д.Даваабаатар сумынхаа Эрүүл мэндийн төвийг унаатай болголоо.
Тэрбээр Солонгос улсад ложистик, тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Nice Mongolia world” компанийн захирал бөгөөд тус улсад үйлдвэрлэсэн “Hyundai Starix” маркийн автомашиныг сумын эмнэлэгт хандивлаад байна. Мөн 2,500 кг шинэ хувцсыг төрөлх нутгийнхаа иргэдэд хүргүүлжээ.
“Хөдөө орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хамгийн чухал зүйл бол түргэн тусламжийн автомашин байдаг. Тиймээс энэ сэтгэлийн өглөг нь Богд сумынхны эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн хамгийн том хөрөнгө оруулалт болж байна” хэмээн сумын Засаг дарга Ч.Чинзориг хэлэв.
Д.Даваабаатарын өвөг аав П.Санжмятав нь 1953 онд Богд суманд “Сүхбаатарын зам” нэгдлийг анх байгуулж, анхны даргаар ажиллаж байжээ. 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ