ОХУ-ын нутагт дахин нэг микро автобус осолдсоноос Монгол Улсын 14 иргэн эмнэлэгт хүргэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-24 22:20:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын Алтайн Бүгд Найрамдах Улсын Онгудай дүүргийн нутаг дэвсгэрт "Чике таман" давааны доод хэсэг буюу  Р-256 "Чуйский тракт" авто замын 659 дүгээр километрт дахин нэг микро автобус осолдож, Монгол Улсын 14 иргэн эмнэлэгт хүргэгдсэн талаар ТАСС агентлаг орон нутгийн Дотоод хэргийн газрын Хэвлэл мэдээллийн албаны мэдэгдлийг иш татан мэдээллээ.

Уг осол өчигдөр /2018.08.23/ орон нутгийн цагаар шөнийн 23:13 цагийн орчимд болсон бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн 14 иргэний 12 нь хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тухайн Ssang Yong Istana маркийн микро автобусны жолооч нь 22 настай Д гэгч иргэн юм байна. Осолд орсон иргэдийн дундаас таван хүний биеийн байдал хүнд байгаа тул Горно-Алтайск хотын эмнэлэгт хүргэхээр болжээ.

Осол тээврийн хэрэгслийн тоормосны систем эвдэрснээс болсон байж магадгүй бөгөөд эрх бүхий байгууллагууд шалгаж байгаа ажээ.

Тус микро авботус нь энэ сарын 23-ны өдөр 15:40 цагийн орчимд Монгол Улсын хилээс гарч Бүгд Найрамдах Казахстан Улсыг чиглэн явжээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ