Агаарын цохилтод өртөн олон хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-24 09:46:44
САНАА. /Синьхуа/. Пүрэв гарагийн орой Йемен улсын өмнөд хэсэгт оршдог Улаан тэнгисийн эргийн боомт хот болох Ходейда дахь дотоодын дүрвэгсдийн хуаранд Саудын Араб тэргүүтэй эвслийн агаарын цэргийн хүчнээс агаарын цохилт өгөх үед 22 хүүхэд, 9 эмэгтэй амь үрэгдсэн тухай Йемений олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Агаарын уг цохилтын бай нь ал-Дураяхеми дүүрэг дэх дүрвэгсдийн хуаран байсан байна. Уг халдлагыг үйлдсэн Саудын Араб тэргүүтэй эвслээс одоогийн байдлаар ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Наймдугаар сарын 9-нд цэргийн уг эвслээс Саада мужид агаарын цохилт өгөх үед сургуулийн автобус өртөж, 51 хүн амь үрэгдсэний дунд 40 хүүхэд байсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ халдлага йеменчүүдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн бөгөөд уг эвсэлд хариуцлага ногдуулахыг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас хүсээд байгаа ажээ.

Саудын Араб тэргүүтэй эвслийн дэмждэг Йемений засгийн газар болон Ираны дэмждэг сөрөг хүчний хооронд 2014 оны сүүл үеэс эхлэн өрнөсөн иргэний дайны улмаас 10 мянга гаруй йемен хүн амиа алдаад байгаагийн олонхи нь энгийн номхон ард иргэд байгаа аж. Үүний зэрэгцээ 3 сая гаруй хүнийг дүрвэхэд хүргээд байгаа юм байна.

Э.Хулан
 
Холбоотой мэдээ