Мазар багийн хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-08-17 16:11:57
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Франц Улсын “Educate” нийгэмлэгийн буцалтгүй тусламжаар Төгрөг сумын Мазар багт гэр цэцэрлэг байгууллаа. Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, БСУГ-ын газрын мэргэжилтнүүд, тус нийгэмлэгийн тэргүүн Alian Grosman болон Монакогийн вант улсын аялагч залуучууд, сумын удирдлагууд, эцэг эхчүүд, хүүхэд багачуудын төлөөлөл оролцсон юм. 

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нээлтийн үгэндээ “Өвөрхангай аймагт цэцэрлэгийн насны 11 мянга гаруй хүүхэд байгаагаас 80 орчим хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 20 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Эдгээр хүүхдүүдээс тодорхой хэсэг нь төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаад туйлын баяртай байна” гээд хөрөнгө оруулагч талд энэхүү бүтээн байгуулалтанд идэвх санаачилгатай хандсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Чинзоригт талархал илэрхийлэв.
“Educate” нийгэмлэг нь алслагдсан бүс нутагт амьдарч буй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход боломж нөхцөлийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад 4 дэх удаагийн гэр цэцэрлэгийг байгуулж буй нь энэ аж. Тун удахгүй Төв аймгийн Өндөрширээт суманд 5 дахь цэцэрлэгээ байгуулна гэдгийг Alian Grosma хэлж байлаа.

Төгрөг суманд цэцэрлэгийн насны 247 хүүхэд байгаагаас Мазар багийн төвд 60 хүүхэд байдаг аж. Тус төвд 150 гаруй иргэн төмс, хүнсний ногоо тариалж суурьшин амьдардаг учраас хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах асуудал тулгамдаж байсан нь төслийн хүрээнд ийнхүү шийдэгдэж, 25 сая төгрөгөөр иж бүрэн тохижилт бүхий гэр цэцэрлэгтэй боллоо.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ