Грекийн Эвбея арал дээр хүчтэй ойн түймэр дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-13 13:36:11
АФИН. /ТАСС/. Өнгөрсөн ням гарагт Грекийн Эвбея арал дээр хүчтэй ойн түймэр дэгдсэний улмаас хоёр суурин газрын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын Гал түймэртэй тэмцэх алба мэдээллээ.
 
Хүчтэй салхины улмаас ойн түймэр өргөн уудам талбайг хамарч, Кондодеспоти гэдэг суурингийн орчмын нарсан ой дундуур хяналтгүйгээр тархаж байна. Түймрийг унтраах ажилд 200 гаруй хүн, 67 гал унтраах машин, 5 нисдэг тэрэг, 6 нисэх онгоцыг дайчилжээ. Кондодеспоти, Ставрос гэсэн хоёр суурингийн оршин суугчдыг автобусаар нүүлгэн шилжүүлсэн байна.
 
Дирфион-Мессапион дүүргийн захирагч Йоргос Псатас-ын ярьснаар, ойн түймрийн хамрах хүрээ Псахна суурингийн чиглэлд улам тэлсээр байна. Иймээс Эвбея арлын засаг захиргааны төв болох Халкида хотоос хойд зүг рүү явдаг автомашины замыг хаажээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учраас мужийн бусад замыг ч хаасан байна.
 
Дашрамд дурдахад, өнгөрсөн 7 дугаар сард Афин хотын эргэн тойронд хүчтэй ойн түймэр гарсан билээ. Үүний улмаас Аттика мужийн хойд нутагт 94 хүн амиа алдсан байна. Эрх баригчид хүн амыг нүүлгэн шилжүүлээгүйн улмаас ийм эмгэнэлт явдал болсон гэж үзсээр байгаа юм.
 
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ