Есөнбулаг сумын гэр хорооллынхныг зориулалтын хогийн савтай болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-27 11:06:28
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт хэрэгжиж буй “Хоггүй цэвэр Алтай” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд Есөнбулаг сумын гэр хороололд зориулалтын хогийн сав 160 гаруйг байршуулахаар болсноос эхний ээлжинд Баяншанд, Индэрт багийн айл өрхүүдэд хүргээд байна. Энэхүү хөтөлбөр нь тус аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтан хэрэгжиж буй бөгөөд орон нутгийн хөгжлийн сангийн 50 сая төгрөгийн санхүүжилтээр хийж байгаа юм. 
“Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхийг зориулалтын хогийн саваар хангахаас гадна Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын парк шинэчлэлт жил бүр хийгдэж байгаа. Өнгөрсөн онд Алтай хотын Тохижилт үйлчилгээний газарт хүнд даацын автомашин, автомат шахагчтай хог тээврийн автомашин тус бүр нэгийг авч бодитой хөрөнгө оруулалт хийлээ. Харин энэ онд хүнд даацын гурван ширхэг автомашинтай болохоор төсөв хөрөнгийг нь бүрэн шийдээд байна. Хоёр жилийн дотор хүнд даацын таван ширхэг автомашинаар парк шинэчлэл хийж байсан тохиолдол Алтай хотын хот тохижуулалтын түүхэнд байхгүй томоохон үйл явдал юм” хэмээн Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Ш.Дагва онцоллоо.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ