Үерийн улмаас Сүхбаатар сумын МСҮТ ихээхэн хохирол амсаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-25 11:09:58
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 17-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг 19 байгууллага, аж ахуйн нэгжүүд ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа гэдгийг аймгийн онцгой комиссын хуралдаан дээр танилцууллаа.
Тухайлбал энэхүү байгалийн гамшгийн уршгаар үйл ажиллагаагаа явуулаад 40 гаруй жилийн түүхээ бичиж байгаа Сүхбаатар сумын МСҮТ багагүй хэмжээний хохирол амсчээ. Сүхбаатар сумын арын хэсгээр явсан үерийн далан хүчтэй борооны улмаас сэтэрч 2 м орчим өндөртэй хашааны ханыг сэт зохиж 70 метр орчим газар нурж унаснаар тус сумын МСҮТ-ийн хашаа бүхэлдээ усанд автсан байна. Үүний улмаас одоогийн байдлаар 52.0 мянган м2 талбай усанд автаж, ойролцоогоор 30 орчим сая төгрөгийн хохирол учраад байгаа ажээ. Хохирлын хэмжээ эцсийн байдлаар гараагүй байгаа гэнэ. Учир нь үерийн ус тус МСҮТ-ийн халаалтын зуухыг дайрч гарсан тул хохирлын хэмжээ цаашид өсөх магадлалтай байгаа хэмээн тус төвийн аж ахуйн менежер Б.Төмөрбаатар ярилаа.
Шинэ хичээлийн жил тун удахгүй эхлэх ч үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахад нэлээд цаг хугацаа орохоор байгаа гэнэ. Тус МСҮТ-ийн хамт олон ямартай ч эхний ээлжинд хойд урд хоёр хашаагаа битүү болгосны дараа дотоод дахь сэргээн завсарын ажилдаа орохоор багш нар, аж ахуйн албаны ажилтан, ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ